Засгийн газар төсвийн мөнгөөр авсан тансаг машинуудаараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх гэнэ

Засгийн газрын авто бааз   том оврын жийпээр  болон жижиг суудлын машинаар бизнесийн үйлчилгээ явуулах зарыг сошиал хуудсандаа байршуулсан нь олны дургүйцлийг төрүүлэв.

“Засгийн газар такси үйлчилгээ явуулахаар хувийнхан яах вэ”, “Татвар төлөгчдийн авсан машинаараа хувийнхантай өрсөлдөх нь шударга бус” гэхчилэн хүмүүс уурлаж байна. Сүүлийн үед төр бүхнийг хийхийг зорьж,  татвар төлөгчдөөс хурааж авсан мөнгөөрөө татвар төлөгчдийг туйлдуулж, шахаж байгаа шүүмжлэл газар авлаа.

Тэгвэл төр яагаад такси үйлчилгээ эрхлэх болов?

Одоогийн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын  Хэрэг эрхлэх газрын дарга байхдаа харьяандаа байдаг  автобаазыг шинэчилжээ.

Засгийн газар  2022 оны 204 дүгээр тогтоол гаргаж, “Засгийн газрын Автобааз” улсын төсөвт үйлдвэрийн газар (УТҮГ)-ыг өөрчлөн зохион байгуулж,  төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар (ТӨААТҮГ) болгон өөрчилжээ.

Улсын төсөвт үйлдвэрийн газар байхдаа  164 авто тээврийн хэрэгсэл, 210 ажилтан, албан хаагчтай, жилд улсын төсвөөс 3-3.2 тэрбум төгрөгийн санхүүжилт авч үйл ажиллагаа явуулж байсан бол  аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болоод  100 автомашин, 105 ажилтан, албан хаагчтай, аж ахуйн тооцоон дээр үйл ажиллагааг явуулдаг, төсвөөс санхүүждэггүй байгууллага болгожээ.

Нэгэнт төсвөөс санхүүжихгүй учраас ямар нэг байдлаар орлого олох хэрэгтэй. Тиймээс хувийн хэвшил шиг мөнгө олж зар тавьсан байна.

Уг шинэчлэлийн хүрээнд  тус бааз  Улаанбаатар хотод автомашины дуудлагаар үйлчилж, орон нутагт Засгийн газрын томилолтын үйл ажиллагааг бүрэн хариуцан ажиллах чиг үүрэгтэй байхаар зохицуулж байжээ.

Тэгвэл дээрх зарыг тавихтайгаа зэрэгцээд тус баазаас нэгэн тендэр зарласан нь    улсын төсвийн 2 тэрбум 315 сая төгрөгөөр СЕДАН төрлийн автомашин худалдаж авах тухай тендэр аж.

Тансаг машины тухайд 2025 онд үйлдвэрлэгдсэн, таван хүний суудалтай, хар өнгөтэй, гадна толь автомат, жолооч зорчигчийн аюулгүйн дэртэй, арьсан суудлын бүрээстэй, арын хэсэг рүү халуун, хүйтэн үлээдэг байх гэх мэт шалгуур тавьжээ.

Төр бизнесийг булаахгүй, зэрэгцэж өрсөлдөхгүй гэсэн зарчим үйлчилсээр ирсэн ч аажим аажмаар энэ зарчим алдагдаж, ил тодорхой булаадаг, шударга бус өрсөлддөг болсны ганцхан жишээ энэ.

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn