
Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Чех улсад айлчлах үеэрээ Монгол, Чехийн харилцааны түвшинг шат ахиулж, Иж бүрэн түншлэлд хүргэж, харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд албаны хүмүүс гарын үсэг зуржээ.
Энэ хүрээнд “Хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэн хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдины Гансүх, Чехийн талаас Прага хотын Амьтны хүрээлэнгийн захирал
Ерөнхийлөгчийн албан мэдээнд “Чех Улстай дэлхийд нэн ховордсон хавтгай тэмээг хамгаалах, экосистемийг нь хадгалан үлдэх хамтын ажиллагаа эхэллээ. Чех Улс тахь сэргээн нутагшуулах төслийг амжилттай хэрэгжүүлж байсан туршлагатай. Энэ удаа олон улсын эрдэмтэн, судлаачдыг оролцуулан хавтгай тэмээг хамгаалах ажлыг өргөжүүлэн, тоо толгойг тогтвортой хадгалах, амьдрах орчны экосистемийн судалгааг эрчимжүүлэх, хамгааллын төлөвлөгөөг нарийвчлан боловсруулах, үр нөлөөг хамтран сайжруулахаар болов” гэжээ.
Үүнийг байгаль орчны салбарын эрдэмтэн, судлаачид “ Алтан үсгээр бичигдэх үйл явдал” хэмээж байна.
Дэлхийд нэн ховордсон хавтгай тэмээ нь Монголд Алтайн өвөр говь болон Шинжаан Уйгурын цөлд цөөн тоогоор амьдардаг бөгөөд1943 онд хамгийн цөөн 300, 1959-1960 онд 400-500, 1974 онд 900 орчим болжээ. 1975-1976 оны судалгаагаар, 400, 1980-1982 онд 500-800 толгой байв. 1982-1989 онд жил бүр нөөцийн үнэлгээ тогтоосноос үзэхэд 480-555 байв. 1993 оны байдлаар 320 болов. 2012 онд хийсэн тархац, биологийн нөөцийн үнэлгээгээр, 800 гаруй толгой гэж үнэлэгджээ.
1975 онд Говийн их дархан цаазат газрыг байгуулснаас хойш популяцийн тархац, тоо толгойн хэмжээ тогтворжсон байна.
Гэвч Говийн их дархан цаазат газар дахь Нарансэвстэйн боомтыг нээж ашиглахаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон нь байгаль орчны салбарын судлаачид, байгаль хамгаалагчдын санаа сэтгэлийг чилээж буй юм. Тиймдээ ч тэд Монгол, Чех улсууд хамтарч хавтгай тэмээг хамгаалахаар болсныг алтан үсгээр бичигдэх үйл явдал хэмээн тодотгож байна.
Монгол Улсын хувьд 1930 оноос хавтгай агнахыг хуулиар хориглож, Амьтны тухай хуулийн нэн ховор амьтнаар хамааруулж, Монгол улсын улаан ном, Олон улсын улаан номд оруулсан. 1975 оноос тархац нутгийг дархан цаазтай газар болгосон юм.
Өнөөдрийн байдлаар Алтайн өвөр говьд 450 орчим хавтгай байгааг тогтоожээ.
Цаг уурын дулаарал, цөлжилтөөс үүдсэн усны хомсдол, ботгыг нь чоно барих явдал хавтгайн хорогдлын үндсэн шалтгаан гэж судлаачид онцолдог
Ийм эмзэг ховордсон амьтны тархац нутагт Нарансэвстэйн боомт нээх асуудал сөхөгдөж буй үед Монгол, Чех хамтран хавтгай тэмээг хамгаалахаар Төрийн тэргүүний айлчлалын хүрээнд шийдсэн нь үнэхээр л алтан үсгээр бичигдэх үйл явдал юм.
Монгол Улс өмнө нь БНЧУ-тай Монгол нутагт устсан тахь нутагшуулах ажлыг хамтран хийсэн бөгөөд Чех, Голландад монгол тахийг нутагшуулан эх нутагт нь авч ирэн амжилттай өсгөн үржүүлж байгаа билээ.