Цагаан сарыг хавар тэмдэглэх,Монгол ёсоо дагах,ахмадаа хүндэтгэх цөм Чингис хаанаас уламжилж иржээ

Эрт дээр үед монголчууд Цагаан сарыг намар тэмдэглэдэг байсан хэмээн түүхийн сурвалжуудад бичсэн байдаг. Намар ан амьтан тарга тэвээрэгтэй үед ав хомрогонд явж, улмаар ангийн олзоо хуваан хувь хишиг хүртээн баяр хийдэг байжээ.
Харин их эзэн Чингис хаан тархай бутархай олон овог аймгийг нэгтгэж, Их Монгол улсыг байгуулсан үеэс буюу 1206 оноос эхлэн цагаан сарыг төр ёсны их баяр болгон хавар тэмдэглэж эхэлсэн түүхтэй.
1206 оны гал барс жил Чингис хааны алтан ургийнхан болон өрлөг сайд, хөлөг баатрууд цагаан эсгий дэвсэн их хаанаа залж, улмаар улсаа байгуулсан их ёслолыг хийжээ.
Тэгэхдээ мөн Дорно дахины уламжлалаар хуучин он улирч, шинэ он заларсны баяртай хамтатган ёсолсноор Цагаан сар хаврын баяр болсон түүхтэй ажээ.
XVIII зууны Төвөдийн эрдэмтэн Лувсандамбийжанцангийн “Зурхайн жилийн эх тэргүүтний асуулгын хариу” номд “Чингис хаан төр барьж хаврын тэргүүн сард Өлзий хутгийн баясгалангийн хурим үйлдсэн тул энэ сарыг Монголын анхдугаар сар хэмээн нэрийдэв” гэж тэмдэглэжээ.
Түүхийн эх сурвалжуудад тэмдэглэснээр их эзэн Чингис хаан урд зүгийн ёслолоор бус, хойд газар өөрийн ёслолоор Цагаан сарын ёслолоо хийж байхыг зарлиг буулгаж, өөрөө үлгэрлэсэн тухай тэмдэглэсэн байна.
Тухайлбал, их хаанд эзэн суусныхаа дараагийн улаагчин туулай жилийн цагаан сарын шинийн нэгэнд их хааныг Өэлүн ээждээ мөргөж золгоод Төрийн ордондоо залран орж ирэхэд нь гүн хөгжим үүсгэж, арц,хүж , зандан шатааж 100 түшмэл гурвантаа мөргөж их ёслол хийсэн гэнэ. Тэгэхэд их хаан “Энэхүү дохио тэмдэг, жагсаал, хөгжим нийтээрээ цөм Өмнөд Дундад улсын хууль дүрэм болой. Энэ дүрмийг хэрэглэхэд болохгүй юмгүй боловч үүний дотор бас нэгэн зүйлийн гэм буюу дээрэнгүй омгийг төрүүлэх муу чанар байна.

Ерийн үед дээл ихэдвэл өмссөн хүний биед ачаа болно
Эмээл хүндэдвэл унасан морины нуруунд дараа болно
Эрхэм хэтэрвэл хүний сэтгэлд осолтой болно
Янз хэтэрвэл улсын доорд зүдүүр болно

Эдгээр хөгжмийн зүйл сүрдэх цочоох төлөвтэй, манай хойд газар хэрэггүй гэжээ. Үүнийг олон сайд, түшмэд цөм зөвшөөрч, энэ зарлиг түмэн үеийн сургаал болтугай гэжээ.
Өөрөө хэлбэл, их эзэн Чингис хаан ардынхаа уламжлалт дэг ёсонд багтаан Цагаан сарын ёс заншлаа дэлгэрүүлэхийг сургасан хэрэг. Улмаар шинэ хувцас өмсөж, газар тэнгэрт ёсолж, өвгөдөө хүндэтгэж, Өүлэн ээждээ мөргөн золгох зэргээр их хааны тухайн үед өөрөө үйлдсэн ёс ёслол нь өнөөг хүртэл уламжилж иржээ.
Цагаан сарын шинийн нэгний өглөө олон газрын монголчууд эзэн сүлд буюу төрийн сүлдэндээ болон овоонд мөргөж, ахмад настан буурлууддаа золгодог нь ийнхүү эзэн хааны зарлиг ёсоор болдог ажээ.
Их хаан 1216 оны цагаан сарын шинийн нэгэнд харьяат ард өндөр настанууддаа шагнал өгөх зарлиг буулгаж, 60-аас дээш насныханд  3 хувь, 90 наснаас дээшихэд 4 хувь, 100 наснаас дээшихэд 5 хувь шагнах, харин 110, 120-иос дээш настан байвал өөрт бараалхуулж, “Улсын их өтгөс цол”-оор шагнахыг зарлигджээ. Нэг хувь гэдэгт нэгэн лан мөнгө, нэгэн бөс, 10 суулга амууг хэмжээ болго гэсэн байна.
Өнөөдөр ч Цагаан сарын Төрийн ёслолоор ахмадууддаа хүндэтгэн золгодог уламжлал ийн ирсэн байна.

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn