Яллагдагчаар татагдсан хүнийг агентлагийн даргаар томилж байгаа Засгийн газар авлигатай тэмцэж чадах уу?

Хамтарсан Засгийн газрын авлигатай тэмцэх ажил тэмээ, ямаа, тэнгэр, газар шиг байгааг өчигдөр болсон хоёр үйл явдлаас харж болно.
Нэг дэх нь яллагдагчаар татагдсан Эрүүл мэндийн сайд асан С.Энхболдыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар томилсон тухай шийдвэр. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан уг шийдвэрээ зөвтгөж, “С.Энхболдыг ЗГХЭГ-аас ЭМДЕГ-ын даргад томилох саналыг оруулж ирсэн. АТГ-аас томилоход асуудалгүй гэсэн тайлбар өгсөн учир томилсон” гэв.
Эрүүл мэндийн сайд болон дэд сайдаар ажиллаж, УИХ-ын 2024 оны сонгуульд баруун аймгуудын тойрогт нэр дэвшээд ялагдсан С.Энхболдыг Эрүүл мэндийн яамны “Цахим эрүүл мэнд” төслийн 1.7 сая ам долларыг өөрийн хамаарал бүхий хүмүүс, үеэлүүддээ өгч алга болгосон гэх хэргээр яллагдагчаар татаад байсан юм.
Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл eguur.mn сайтад, ЭНД нийтлэгдсэнийг уншаарай.

Тэгвэл хамтарсан Засгийн газрын Хууль зүйн сайд О.Алтангэрэл өчигдөр “Авлигын багц хууль батлагдвал төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан хүмүүсийг шалгана” хэмээн Засгийн газрын хуралдаан дээр яригдсан тухай мэдээллээ.

Тэрээр “Засгийн газар авлигатай тэмцэх үүргэтэй, энэ үүрэг дунд авлигын гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг нь мөн багтана. Өнгөрсөн жилүүдэд иргэдийн бухимдлыг хамгийн ихээр төрүүлж байсан баялгийн шударга бус хуваарилалт. Тодруулбал, төрийн өндөр албан тушаал хашиж байгаа этгээдүүд баяждаг, хөлждөг, хөрөнгөждөг”. Тиймээс хууль батлагдвал 2002 оноос төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийг шалгаад хууль бусаар хөрөнгөжсөн нь батлагдвал хөрөнгийг нь хураана гэж буй юм.
Хамтарсан Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ одоогоос найман жилийн өмнөөс нам, улстөр дамнасан МАНАН бүлэглэлтэй тэмцэж буй бөгөөд энэ хугацаанд МАНАН-тайгаа ч тэмцэж дуусдаггүй, Монголын Засгийн газрын авлига, ашиг сонирхол ч буурахгүй байгаа нь үнэн билээ. Улмаар Монгол Улс авлигын индексээр бүр ухарсан.
Засгийн газар үнэхээр авлигалтай тэмцэх хүсэл сонирхолтой байгаа бол өөрийнхөө авлигатай ч тэмцэх ёстой. Тэгэж тэмцэж байгаагийн хамгийн гол шалгуур нь ашиг сонирхлын зөрчлөө хянах, авлигын хэрэгт холбогдсон хүмүүсийг албан тушаалд томилохгүй байх. Гэвч энэ Засгийн газрын өнгөн дээр авлигын хэрэгт холбогдсон хүнийг агентлагийн даргаар томилох явдал хэвийн үзэгдэл болсны ганцхан жишээ нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар авлигын хэрэгт яллагдагчаар татагдсан хүнийг томилсон явдал юм.
Авлигатай тэмцдэг гэх имижтэй Ерөнхий сайдтай хамтарсан Засгийн газрын авлигатай тэмцэж буй ам, ажлын зөрүү ийм байна .
Тэгэхээр авлигатай тэмцэж чадах уу, тэр тусмаа өөрийнхөө Засгийн газрын авлигыг хянаж чадах уу гэдэг асуулт дагуулж байна.

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn