Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв эмнэлгийг барих төсөв энэ оны улсын төсөвт анхнаасаа суугаагүй байсан. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Эмнэлэг барьснаар өвчлөл буурахгүй. Харин урьдчилан сэргийлэлт чухал” хэмээн хэлж байв. Гэсэн ч УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясглалан УИХ-ын гишүүдээр гарын үсэг зуруулснаар 2025 оны улсын төсөвт 7.9 тэрбумын төсөв тавиулсан. Улмаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх манлайлал үзүүлэх нэрээр хавдрын эмнэлэг рүү анхаарал хандуулж, улмаар Засгийн газрын ажилд хутгалдаж эхлэв.
Өчигдөр Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв эмнэлгийг барих газар дээр Ерөнхийлөгч ажиллалаа гэнээ. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, Ж.Чинбүрэн, Сангийн сайд Б.Жавхлан,Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, өөрийнхөө ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар нарын дагуулуудтай. Газар нэгэнт шийдэгдчихсэн, тийм атал газар дээр нь ажиллана ч гэж юу гэсэн үг юм.
Тэнд очоод гаргасан албан мэдээнүүдийг нь харвал Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өмнө Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төвийг барихад дэмжлэг үзүүлэх Ажлын хэсгийг өөрийнхөө захирамжаар байгуулснаа зарлах зорилготой байжээ. Мэдээж захирамж гаргах үедээ зарласан,гэхдээ “газар дээр нь очиж” зарлах нь илүү сүртэй ч байсан юмуу.
Ерөнхийлөгчийн байгуулсан ажлын хэсгийг Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар ахалж буй гэнэ. Улмаар түүний дор УИХ, Засгийн газрын гишүүд ажиллахаар болсон нь Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Н.Алтаншагай, Л.Мөнхбаясгалан нар. Мөан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга Г.Манлайжав, АШУҮИС-ийн захирал Б.Дамдиндорж, Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү нар ч багтжээ.
Тэгвэл “үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч” гэсэн статустай Ерөнхийлөгч нэг эмнэлэг барихад дэмжлэг үзүүлэх нэрээр Засгийн газрын ажилд хутгалдаж, өөрийнхөө зөвлөхийн дор УИХ, Засгийн газрын гишүүдийг Ажлын хэсэг нэрээр оруулж, удирдаад байх нь хэр зохистой вэ? Агуулгаараа ч , Ерөнхийлөгчийн статусаараа ч зохисгүй.
Бичиж буй агуулгатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн зарим заалтыг иш татья.
- Ерөнхийлөгч төрийн тэргүүний хувьд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах ашиг сонирхлын үүднээс хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллагууд зүй зохистой харилцан ажиллахад нь Үндсэн хууль болон бусад хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд дэмжлэг нөлөө үзүүлнэ
- Ерөнхийлөгч Улсын Их Хуралд ажлаа хариуцаж жил тутам үйл ажиллагааныхаа талаар танилцуулж байна.
8 дугаар зүйл.Ерөнхийлөгч хавсарч болохгүй ажил, албан тушаал
- Үндсэн хуулийн гучин нэгдүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар Ерөнхийлөгч нь Ерөнхий сайд, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй. Хэрэв Ерөнхийлөгч өөр ажил, албан тушаал эрхэлж байгаа бол тангараг өргөсөн өдрөөсөө эхлэн уул үүргээс чөлөөлөгдөнө.
9 дүгээр зүйл.Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
1.Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн зарлиг, захирамж гаргана.
2.Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөнө.
Эдгээр заалтаас харвал Монгол Улсын Ерөнхийлөгч ерөнхийдөө л улс орны хэмжээний асуудлаар ажиллах ёстой байна. Төрийн институт хоорондын зүй зохистой харилцааг зохицуулахын дээр УИХ-д ажлаа тайлагнана.Энэ нь УИХ-ын гишүүдийг өөрийнхөө захирамжаар байгуулсан ажлын хэсэгт чихэж оруулаад байж болохгүй гэсэн үг. Ерөнхийлөгч нь Ерөнхий сайд, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй гэдэг нь Засгийн газрын ажил руу хутгалдаж болохгүй гэсэн санаа.
Хамгийн анхаарал татсан заалт нь Ерөнхийлөгчийн зарлиг Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх шинжтэй гарах ёстой ажээ. Гэтэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хавдрын эмнэлгийг барихад дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг нэртэй цэвэр аж ахуйн шинжтэй зарлиг гаргачихжээ.
Их эзэн Чингис хааны “Цэр нь цээжиндээ,бөөр нь бөгсөндөө” гэсэн сургаал бий. Энэ нь өнөөдрийн Монголын төрийн инститүүдэд бүр ч их хамаатай. Бүгдээрээ хийх ёстой ажлуудаа хийчихвэл Монгол Улс амар амгалан байж, хөгжил дэвшил ирэх гээд байгаа юм.
Холбоотой мэдээ: