Ирэх оны төсвийг хүний хөгжил, боловсролыг дэмжихэд чиглүүлэхийг  Ерөнхий сайд үүрэг болгожээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны долоодугаар сарын 30-нд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг боловсруулах ажлын явцын талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Төсвийн ерөнхийлөн захирагч нар 2026 оны төсвийн саналаа Төсвийн тухай хуульд заасны дагуу долоодугаар сарын 25-ны дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон холбогдох бусад байгууллагад хүргүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны төсвийн төслийг боловсруулахад хуульд заасны дагуу олон нийтийн оролцоог хангаж ажиллахыг Засгийн газрын гишүүд, төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болголоо.

Төсвийн тухай хуульд заасны дагуу Засгийн газар төсвийн хэлэлцүүлгийг  иргэдийн оролцоотой, ил тод нээлттэй хийнэ. Төрийн мөнгө гэж байхгүй, татвар төлөгчдийн мөнгө л гэж бий. Төсвийн шинэчлэл, хэмнэлт, хөрөнгө оруулалтын бодлогыг ард иргэд, татвар төлөгчдөөсөө асууж, санал авч шийдвэрлэнэ. 2026 оны төсөв хүний хөгжил, боловсролыг дэмжих төсөв байх ёстойг гэдгийг Ерөнхий сайд онцлоод ирэх наймдугаар сарын 1-нээс олон нийтийн хэлэлцүүлгийг хоёр долоо хоногийн хугацаанд зохион байгуулах, санал асуулгад иргэд, татвар төлөгчдийн оролцоог хангаж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад анхаарууллаа.

Хэлэлцүүлгээс гарсан саналыг нэгтгэн эрэмбэлж, төсвийн орлого нэмэх, нийгмийн ач холбогдолтой төслийг төсвийн төсөлд тусгаж Засгийн газрын хуралдаанд танилцуулна гэж Засгийн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn