
МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирал. доктор, профессор С.Мөнхбаттай үүсээд буй нөхцөл байдлын талаар ярилцлаа.
-ЗАСГИЙН ГАЗАР ДЕ-ФАКТО ЭРХ ЗҮЙН ЧАДАМЖГҮЙ БОЛЧИХСОН-
–Ерөнхий сайдын хүүгийн асуудал сөхөгдөж гарч ирснээс хойш улстөр халуурч, УИХ-аар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудалд тулж очлоо. Өрнөж буй үйл явдалд судлаачийн хувьд ямар ажиглалт, дүгнэлт хийж байна вэ?
-Парламентын засаглалтай оронд байдаг улс төрийн үйл явц л өрнөж байна. Ер нь төрийн өндөр албан тушаалтнуудын нөхцөл байдал их эмзэг байдаг шүү дээ. Ойр тойрны хүрээллийнх нь нэг хүн л асуудалд ороход шууд тэр өндөр албан тушаалтан дээр очиж наалдуулдаг. Энэ утгаараа хүүхдийн гэхээсээ Ерөнхий сайдын асуудал. Хүүхдийн бэлэг сэлтэд зарж байгаа мөнгө хаанаас орж ирсэн бэ гэдэгт хариулт өгч, орлогоо нотолж тайлбар өгөх л асуудал шүү дээ.
Гэтэл Ерөнхий сайдын зүгээс ямар нэгэн тайлбар өгсөнгүй. Ингээд асуудал нэлээн хурцдаад сүүлдээ хамтарсан Засгийн газар задрах процесс руугаа орчихлоо. Өнөөдрийн байдлаар Ерөнхий сайд УИХ-д итгэл үзүүлэх эсэх асуудлаа өргөн барьчихлаа.
Эрх барьж байгаа МАН-ын Бага хурал нь хуралдаад Засгийн газраас АН-ыг гаргах шийдвэр гаргачихсан. Яг де-факто улстөрийн талаасаа харах юм бол Засгийн газар эрх зүйн чадамжгүй болчихсон.
Засгийг бүрдүүлж байгаа нэг гол намаа засгаас гаргачихсан. Одоо УИХ энийг эцэслэх ёстой болж байна. Яагаад гэвэл Ерөнхий сайд өөрөө УИХ руугаа хандчихлаа. Энэ бол Үндсэн хуулийн хүрээнд явагдаж байгаа процесс.
УИХ хэрэв Ерөнхий сайдад итгэл үзүүлэхгүй гэх юм бол Засгийн газар огцроод, дараагийн шинэ Засгийн газар бүрдэх ажил руугаа орно. Хэрвээ УИХ Ерөнхий сайдад итгэл үзүүлбэл АН засгаас гарсан ч гэсэн МАН дангаараа засгаа байгуулаад явна.Мэдээж цаашдын тогтвортой байдлаа бодвол парламентад байгаа бусад намуудаас Засгийн газартаа оруулаад явах ч боломжтой. Ерөнхий сайд өөртөө итгэл үзүүлэх асуудлаар парламентад хандаж байгаа нь манайд гарч буй анхны тохиолдол. Гэтэл Япон зэрэг бусад парламентын засаглал нь төлөвшсөн орнуудад ийм процесс байнга л явагдаж байдаг. Манайд анх удаагийнх учраас их өвөрмөц санагдаж байгаа байх.
-Төрийн өндөр албан тушаалтан орлогоо нотолно гэдэг манайд бас анхны тохиолдол юм биш үү. Бусад улсад бас л хэвийн зүйл биз дээ?
-Орлого нотолно гэдэг бол нэг их хэцүү асуудал биш шүү дээ.Ерөнхий сайдын хувьд бол авч байгаа цалин хангамж, хөрөнгө орлогын мэдүүлгийг нь харьцуулаад үзэхэд л орлого нь харагдана шүү дээ. Дээрээс нь төрийн хамгаалалтад байдаг албан тушаалтны хувьд орон байр, хоол унд, унаа хөсөг гээд төрөөс бүгд гарч байгаа. Тодорхой хувь эзэмшдэг компаниуд байгаа байх. Энэ бүхнээ тайлбарлаад, орлогоо нотолчих надад бол амархан санагдаад байгаа юм.
Нөгөө талаар Ерөнхий сайд, эрх барьж байгаа намын дарга учраас цаана нь бас улстөрийн зорилготой акцууд явж байна гэж ажиглагдаж байгаа. Баялгийн сангийн хууль батлагдсан, стратегийн ордуудын асуудал хөндөгдсөн. Зарим стратегийн ордуудыг төр буцааж авах, хувь эзэмшлийг эргэж тохирох асуудлыг гаргаж тавьсан. Тиймээс гадаа өрнөж байгаа жагсаал цуглаан, Ерөнхий сайдыг огцруулах асуудал зэрэг нь хоорондоо уялдаатай, захиалгатай юмнууд явж байхыг үгүйсгэхгүй. Мөн эрх барьж байгаа намын дотоодод Ерөнхийлөгчийн сунгаа эхэлж байгаа үйл явц ч өрнөж байна.
-ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬТАЙ ХОЛБООТОЙ АН-ЫГ ЗАСГААС ГАРГАВ БОЛОЛТОЙ-
-МАН-ын Бага хурал яагаад АН-ыг засгаас гаргачихав?
– Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлтэй л холбоотой. АН-тай хамтраад явж байснаас эртхэн салаад явах нь олон нийтэд ойлгомжтой. Ерөнхийлөгчийн сонгуульд хамгийн хүчтэй өрсөлдөх улстөрийн хүчин бол АН шүү дээ.Тэгээд АН-аас салах асуудлаа Бага хурлаараа шийдүүллээ. АН-тай хамтарсан Засгийн газар том төслүүдийн шанг татчихсан, тиймээс автор нь хэн байх вэ гэдэг чинь чухал шүү дээ. АН-ын гишүүд Засгийн газрыг шүүмжлээд байсан учраас АН-ыг гэрээгээ зөрчлөө гэдэг бол зүгээр шалтаг. Дөрвөн гишүүн гарын үсэг цуглуулаад Ерөнхий сайдыг огцруулахыг шаардах нь АН-ыг засгаас гаргах хэмжээний тийм импакт үзүүлэхээр зүйл бол биш.
-ТОМ КОМПАНИУД БОДЛОГОО ЗАХИАЛДАГ КАРТЕЛЬ УЛС ТӨР ЗАСГИЙН ГАЗРЫГ ХӨДӨЛГӨЖ БАЙНА УУ ДАА-
–АН-ыг засгаас гаргах шийдвэр гарвал цаашдаа Ерөнхий сайдаар ажиллах нь зохимжгүй гэдэг үгийг Ерөнхий сайд Бага хурал дээрээ хэлжээ. АН-ыг засгаас гаргасан учраас Бага хурал Ерөнхий сайдыг нэг ёсондоо огцруулчихсан. Гэвч өргөдлөө өгөхийн оронд УИХ-д хандаж байгаад МАН-ын зарим гишүүд дургүйцэж байна.Хэнийх нь зөв бэ?
-Сонгуульд улстөрийн намууд оролцож, парламентаа бүрдүүлдэг, парламентаасаа Засгийн газар бүрддэг нь парламентын засаглалтай улс орны жишиг. Улс төрийн тогтолцооныхоо хувьд эрх баригч нам нь АН-ыг засгаас гаргах шийдвэр гаргаад, тэр үндсэн дээр Ерөнхий сайд Засгийн газраа цаашид удирдах боломжгүй болсон.Тэгсэн хэрнээ итгэл үзүүлэх асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхээр боллоо. Өмнө нь байгаагүй л өвөрмөц кэйс.
Миний бодлоор бол, Ерөнхий сайд хамтарсан Засгийн газрыг арай ч тараачихгүй болов уу гэсэн итгэлтэйгээр Бага хуралдаа орсон байх. Гэтэл Бага хурал нь эсрэг шийдвэр гаргачихсан. Тэгээд л парламент руугаа итгэл үзүүлэх асуудал оруулж байна. Энэ бол Ерөнхий сайдад Үндсэн хуулиар олгогдсон эрх нь. Өөрөөр хэлбэл, хамтарсан Засгийн газартаа барьж ирсэн бодлого нь парламент дээр дэмжигдэх үү, үгүй юү гэдгээ л одоо хагалуулах гэж байна гэсэн үг шүү дээ.
Эвслийн Засгийн газрыг ер нь гурван үндсэн дээр байгуулдаг. Нэгдэх нь намууд бодлого дээрээ нэгдэж, хоёр дахь нь албан тушаалын төлөө эвсэх буюу сайд, яамдаа хувааж авах, гуравдугаарт сонгуулийн өмнө эвсдэг. Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газрын арга механизм нь үндсэндээ сонгуулийн дараа, албан тушаал, салбаруудаа хуваарилах зарчмаар, за тэгээд 14 мега том төслөө хэрэгжүүлье гэж байгуулагдсан. Дээрээс нь Орос, Украйны асуудал, Хятад, Америкийн сөргөлдөөн зэрэг гадаад нөхцөл байдал, дотоод улстөрийн байдал ч нөлөөлсөн.
Ийм үед МАН дангаараа засгаа бариад том мега төслүүдийг хөдөлгөх гэхээсээ парламентад байгаа голлох намуудтайгаа хамтарч хийчихээд, тэрийгээ гадагш нь ойлгуулахаар төлөвлөсөн байх. За тэгээд том төслүүд, Баялгийн сангийн хууль, тэр санг бүрдүүлэхтэй холбоотой давхар янз бүрийн зүйл явж байх шиг.
Том бодлого, үүнийг дагасан үндэсний том компаниуд хөдөлгөөнд орж байгаа зэрэг үйл явдлаас харахад Монголын улс төр картельчлагдсан байна. Өөрөөр хэлбэл, улс төрийн намуудаас нэр дэвшиж байгаа улс төрчдийн цаана дандаа үндэсний мөнгөтэй компаниуд зогсч байна. Тэд үндсэндээ улс төрийн бодлогоо захиалж байна гэсэн үг. Энэ бол өнөөдрийн Засгийн газар хөдлөх том нөлөөллийг үзүүлж байна уу даа.
Тийм учраас улс төрийн намуудыг картелчлалаас гаргах ажлыг хийх ёстой. Улс төрчдийг мөнгөний нөлөөллөөс ангижруулахын тулд улс төрийн намуудаа хариуцлагажуулах, нэр дэвшүүлэх шүүлтүүрийг илүү нарийвчлах шаардлагатай.
Ингэж нам дээрээ эхлээд нарийн шүүлтүүр тавьж байж, мөнгөнөөс бага хамааралтай улс төрчид гарч ирнэ, тэр хэмжээгээр Засгийн газар, парламент мөнгөний нөлөөнөөс гарна. Дэлхийн улс орнуудад манайх шиг ийм үйл явц адилхан л болж байсан. Хөгжингүй орнуудад ч мөнгөний хамаарал байсаар байгаа. Гэхдээ манайх шиг шууд том компаниудын хамааралтай биш.Ийм байдлыг олон түмний оролцоогоор шахдаг.
-МАН-ЫН БАГА ХУРЛЫН ШИЙДВЭР, ЕРӨНХИЙ САЙД УИХ-Д ХАНДСАН ХОЁР АСУУДЛЫГ ЭРХ ЗҮЙН ХҮРЭЭНД ЯЛГАЖ ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ-
-Ерөнхий сайд Бага хурлын маргааш л өргөдлөө өгөх ёстой байсан гэсэн шаардлагын тухайд…?
-Эрх баригч намын төлөөллийн байгууллага Бага хурал шийдвэрээ гаргахдаа АН-ыг засгаас гаргах тухай л шийдвэр гаргасан.Түүнээс биш Ерөнхий сайдыг огцруулах, намын даргаа өгөх гэх зэрэг шийдвэр гараагүй биз дээ. АН-ын дарга ч гэсэн МАН-ын Бага хурлын шийдвэрийн дагуу Засгийн газраас гарна гэдгээ хэлчихсэн.
Ерөнхий сайдын хувьд бол төрийн эрх барих дээд байгууллага нь итгэл үзүүлэх, эсэхийг л шийдүүлэх гэж байна. Энэ бол Үндсэн хуулийн хүрээнд Ерөнхий сайдад олгогдсон бүрэн эрхийн асуудал. Тийм учраас энэ процессыг хууль эрх зүйн хүрээнд нь ялгаж харах ёстой. Харин Ерөнхий сайд ажлаа өгөх Бага хурлын шийдвэр гарчихсан бол өөр хэрэг.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг 14 мега төсөл, стратегийн ордууд, Баялгийн сангийн хуулийн хэрэгжилттэй холбоотой бодлогоо хэрэгжүүлэхэд УИХ-ыг итгэл үзүүлээч гэж хүсэлт өгсөн гэж ойлгосон. Манайд л анхных болохоос дэлхий дахинд ийм тохиолдол зөндөө шүү дээ. Жишээ нь, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ агсан Ерөнхий сайд байхдаа татварыг тодорхой хувиар нэмэгдүүлэх асуудлаар итгэл үзүүлэх асуудлыг парламентад оруулаад дэмжигдээгүй. Тэгэнгүүт парламентаа тараагаад, дахин сонгууль явуулж гарч ирээд тэр бодлогоо хэрэгжүүлж байсан. Харин манай Ерөнхий сайдад парламентаа тараах эрх байхгүй. Манайх сүүлд Үндсэн хуулийн шинэчлэл хийхдээ Ерөнхий сайдад парламентыг тараах эрх олгоогүй. Тийм учраас одоо бол парламентаасаа гуйж байна гэх юм уу даа.
-МАНАЙД ЯЛАГЧ БҮХНИЙГ АВНА ГЭСЭН УЛСТӨРИЙН СОЁЛ ТОГТСОН-
-Парламентаа тараахаас бусдаар бол Л.Оюун-Эрдэнэ 2019 онд хийсэн нэмэлт, өөрчлөлтөөр түүхэн дэх хамгийн хүчтэй Ерөнхий сайд. Гэвч танхимын гишүүдээ өөрөө томилох эрхээ хэрэгжүүлж чадаж байна уу гэх мэт асуулт бас тавигддаг шүү дээ?
–Танхимын сайдуудаа Ерөнхий сайд өөрөө томилж чадаж байна уу гэдэг асуулт бол нөгөө л картельжсан бүлэглэлуудын эрх шиг байгаад байгаагийн шинж. Нөгөө талаар сонгуулийн өмнө угаасаа ийм засаг байгуулъя гэдгээ тохирчихсон болов уу. Гадаад нөхцөл байдал, дотооддоо мега төслүүдээ явуулах шалтгаан байна шүү дээ.
Гэвч манайд барууных шиг эвслийн Засгийн газар байгуулж ажиллах соёл тогтоогүй. Тийм учраас намын удирдлагууд эхлээд сайдын албан тушаалуудаа тохиролцох жишээний. Гэтэл Германд бол эхлээд бодлогоо ярина, зарчмаа тохирно, бүр хэдэн сар бодлого дээрээ ажиллана. За тэгээд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөө гаргана. Дараа нь сайдуудаа томилохдоо “Ногоон намын байгаль орчны бодлого оновчтой сайн учраас энэ намаас Байгаль орчны сайдыг томильё” гэсэн зарчмаар явагддаг.
Манайд бол шууд л тэр,тэр салбарыг авья гээд явчихаж байна. 1992 оноос хойш манайд таван удаагийн эвслийн Засгийн газар байгуулагдсан хэдий ч бодлого дээрээ нэгдсэн гэсэн зүйл бараг байдаггүй.
Зүүн, барууны зүүний намууд бодлого таарахгүй гэж ярих л байх л даа. Гэхдээ XXI зуунд туйлширч хуваагдахаасаа илүү намууд прагматик тал руугаа ажилладаг болчихсон.
–ЭРХ БАРИГЧ НАМ БУСАД НАМТАЙ ХАМТАРЧ ЗАСГИЙН ГАЗРАА БАЙГУУЛЖ БОЛОХГҮЙ ГЭСЭН ЗААЛТ ХУУЛЬД БАЙХГҮЙ–
-Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2008 онд байгуулагдсан С.Баярын Засгийн газар шиг стандарт бус учраас амархан огцорч байна гэсэнтэй санал нийлэх үү. Үндсэн хуулийн олонх болсон нам Засгийн газраа байгуулна гэсэн заалтыг зөрчиж буй тухайд…?
-Эрх баригч нам бусад намуудтай хамтарч засаг байгуулж болохгүй гэсэн заалт хуульд байхгүй. Үндсэн хуулийн “Олонх болсон нам Засгийн газраа байгуулна” гэсэн заалт нь заавал дангаараа засаг байгуулна гэсэн үг биш. Бусдыг татаж оруулж ирээд ч Засгийн газраа байгуулж болно гэсэн тийм заалт. Өөрөөр хэлбэл,олонх болсон намын өөрийнх нь улс төрийн бодлогын шийдэл. Германд жишээ нь, Христийн ардчилсан холбоо нам дангаараа засаг байгуулах хэмжээний суудал авчихсан байсан ч гэсэн СДН-тай, Ногоон намтай байнга эвсэж ирсэн практик бий.
Германы эрх зүйн систем, улс төрийн соёл ер нь зөвшилцийг дэмждэг соёл. Дангаараа явахаас илүү хамтарч асуудлыг шийдэх механизм руу тэр соёл нь түлхээд байдаг онцлогтой. Манайд бол 1990 оноос хойш зөвшилцлийн гэхээсээ ялагч бүхнийг авна гэдэг улсөрийн соёл тогтсон нь ч өнөөдрийн энэ асуудлыг үүсгэсэн байх. С.Баярын Засгийн газрын хувьд долдугаар сарын 1-ний хэрэг явдлаас ч улбаатай, дээр нь Оюутолгойг хөдөлгөх зэрэг хэрэгцээнээс хамтарсан Засгийн газар байгуулагдаж байсан. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ч бас л том төслүүд хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлагаас байгуулагдсан гэж ойлгож байгаа.