АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл Нийслэлийн Засаг даргын тамгын газрын авлигын эсрэг үйл ажиллагаатай танилцсаны дагуу дараах Зөвлөмжийг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, мөн зөвлөмжийн хувийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяр нарт хүргүүллээ. Үүнд:

Нийслэлийн мега төслүүд авлига, ашиг сонирхлын зөрчилд өртөх эрсдэлтэй байгаа тул төслүүдийн ТЭЗҮ боловсруулах, төлөвлөлт, санхүүжилт, худалдан авалт, гүйцэтгэлд хяналт тавих, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх чиглэлээр арга хэмжээ авч, олон нийтийн хараат бус хяналтыг хэрэгжүүлэх;

Явган замын шинэчлэлийн ажлууд нь төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж байгаа нь олон нийтийн шүүмжлэл дагуулж байна. Мөн авлига ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй тул түр зогсоож, олон нийтийн хяналт, оролцоотойгоор хэрэгцээ шаардлагыг дахин тодорхойлох;

Нийслэлийн төсөв санхүү, хөрөнгө оруулалт, тендер, гэрээ, ажлын гүйцэтгэлтэй холбоотой архивын мэдээллийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах;

Нийслэлийн төсөв, хөрөнгө оруулалтаар ажил, үйлчилгээ гүйцэтгэсэн аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг, гүйцэтгэсэн ажил үйлчилгээ, түүний санхүүжилт, ажлын гүйцэтгэл зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг жил бүр нэгтгэн гаргаж, олон нийтэд мэдээлэх;

Тендерийн үнэлгээний хороо, барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс гэх мэт хороо, комиссуудын бүрэлдэхүүнд хараат бус, мэргэжлийн болон ёс зүйн өндөр шаардлага хангасан олон нийтийн болон иргэний нийгмийн төлөөлөл оруулах;

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 45 төлөөлөгчийн 39 нь Нийслэлийн засаг даргын тамгын газрын харьяа байгууллагуудад давхар ажил, албан тушаал хашиж байна. Энэ нь иргэдийн төлөөлөгчийн үндсэн чиг үүрэгтэй зөрчилдөж, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэж байгаа тул төлөөлөгчдийг нийслэл дэх давхар ажил, албан тушаалаас нь чөлөөлөх;

Нийслэлийн авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг сайжруулж, авлигаас сэргийлэхэд чиглэсэн үр дүн нь тодорхой, бодитой ажлууд төлөвлөх, төлөвлөгөөний биелэлтийг үйл ажиллагаа хийгдсэнээр бус, харин гарсан үр дүнгээр нь үнэлж дүгнэх.