
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хамгийн том нэг асуудал бол албан бус өөр нэг бүлэглэл Засгийн газартай зэрэгцэн ажилладагт оршино. “Женко” Х.Баттулгын тус бүлэглэл “Баялгийг ард түмэндээ өгөх гэж байгаа” Л.Оюун-Эрдэнийг хамгаалах нэрээр өөрсдөө хамаг эрх ашгаа гүйцэлдүүлж ирсэн нь нууц биш.
Хүн бүхний хамгийн сайн мэдэж буй ганц жишээ л гэхэд төрийн өмчит компаниуд дээр Хяналтын, Бүтээмжийн менежер тавих санаачлагыг тэд гаргаж, дандаа өөрсдийн хүмүүсийг томилсон нь үнэндээ бол хянахад, бүтээхэд чиглээгүй.
Тиймээс ч УИХ-ын зарим гишүүд, тухайлбал Б.Энхбаяр “Женко”-гийн Засгийн газар болчихлоо гэж ярьсан. Х.Баттулгатай ямар холбоотойг нь асуусан сэтгүүлчийн асуултад Л.Оюун-Эрдэнэ “Бид хоёр их өөр хүн” гэсхийгээд өнгөрчихдөг аж.
Хэрэв Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорвол хамгийн их хохирох хүмүүс бол тэд. Тиймээс “Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатараар жагсаал хийлгэхээр “захиалсан” бололтой.
“Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар ч “хамгаалж байна” нэрээр ашиг хүртэгсэдийн нэг. Түүнийг уран эсэргүүцэн, дөрвөн мөчгүй ботгон дзэр оччихсон бичлэг хийгээд цацаж байсныг хүмүүс мэднэ. Боддоо, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө байгуулсан ураны гэрээг эсэргүүцэх үү? Үгүй шүү дээ.
Засгийн газартай зэрэгцээ бүтцээр тасралтгүй ажилладаг “Женко” нар ураны гэрээг эсэргүүцэж байгаа тухай яриа, хэлэлцүүлэг фэйсбүүкээр битүү бий.
Өнөөдөр А.Отгонбаатарын удирдсан жагсаал Сүхбаатарын талбайд болох бөгөөд жагсаалын уриа “Хулгайчуудын хугацааг дуусгая”, зорилго нь УИХ-ыг тараах ажээ. Агуулга нь “Хэрэв Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорвол MCS-ийн Засгийн газар гарч ирж, монголчууд баялагтаа эзэн болж чадахгүй” гэх агуулгатай.
Шууд утгаараа УИХ-ыг шантаажилж буй энэ үйл явдлын санаачлагч мэдээж Л.Оюун-Эрдэнэ биш.Учир нь УИХ харин ч хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг хамгийн сайн дэмжиж ажиллаж байгаа. Үүнээс болж парламентын хяналтыг үгүй хийлээ гэж УИХ-ын дарга Д.Амарбаясгалан зарим гишүүндээ зэмлүүлэх нь ч бий. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд парламентыг буруутгах, бүр шантаажлах шалтгаан байхгүй. Албан бус бүлэглэл л ажиллаж байгаа хэрэг.
МАН-ын Бага хурал дээрээ Л.Оюун-Эрдэнэ “Хэрэв АН-ыг засгаас гаргавал өөрөө цаашид Ерөнхий сайдаар ажиллах боломжгүй”-гээ хэлсэн. Учир нь хамтарсан Засгийн газар түүний бүтээл. Гэсэн ч Бага хурлын 300 гишүүний 60 хувь нь “АН-ыг засгаас гаргая” гэсэн нь чухамдаа бол “Женко” Х.Баттулгаас салья гэсэн хүсэл байх. Түүнээс биш, авлигатай тэмцэхгүй, баялгаа авахгүй гэсэн үг биш байлаа.
Л.Оюун-Эрдэнийн олон удаа хэлсэн “амаргүй” гэсэн үгийг сошиал дээр хүмүүс эвлүүлээд цацсан байсан. Ялангуяа хөрш орнуудын ашиг сонирхлыг тээгээд УИХ-д ороод ирсэн бүлэглэлүүд, нам дамнасан сүлжээнүүд, түүний олон жил тэмцэж буй МАНАН-гийнхныг хамгаалдаг бүр том эрх мэдэл гээд үнэхээр “амаргүй” нөхцөлд ажилласан нь үнэн.
“Тэврээсээ гаргадаггүй” том ахынхаа үгэнд орж, “ялаа” гэх мэт элдэв үг хэлж, УИХ-ын гишүүнийг загнаж оноогоо алдсаар ийм байдалд хүрч буй нь ч үнэн.
Тэрээр тал, талын дарамтан дор ажилласан. Хэрэв Л.Оюун-Эрдэнэ огцрохгүй үлдвэл засаглалын хямрал улам үргэлжилнэ. Учир нь энэ хэдэн өдрүүдэд өрнөсөн олон зүйл түүний хууль ёсны хүлээн зөвшөөрөгдөх байдлыг улам дордууллаа.
Үүнд МАНАН зэрэг “дайсны тал” буруутай ч “хамгаалж байна” гэх нэрээр хамаг муу муухайгаа гүйцэлдүүлж буй “Женко” Х.Баттулгынхан хамгийн их буруутай. Албан бус бүлэглэлийн нэг аюул нь тэд хэзээ ч хариуцлага үүрдэггүй, албан ёсны бүтцүүд тэдний балгийг үүрч хариуцлага хүлээдэг нь зүй ёсны асуудал.
Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ удаа өөрийн хүсэлтээр огцроод, эхлүүлсэн ажилдаа хяналт тавих “сөрөг хүчний” үүрэг гүйцэтгэвэл харин илүү үр дүнтэй ч байж магадгүй.
Эх сурвалж: Politiko