
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, А.Ариунзаяа, Ж.Алдаржавхлан, Н.Батсүмбэрэл нар Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай болон Цусны донорын тухай гэсэн хоёр хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн барьжээ.
Цусны донорын тухай хуулийн хувьд 24-45 насны идэвхтэй донорын хүн амын тоонд эзлэх хувь буурахаар байгаа бөгөөд цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамжийн тасралтгүй байдлыг хангах нь тулгамдсан асуудал болжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр Цусны алба бүхий 171 улсаас 110 улс нь Цус сэлбэлтийн аюулгүй байдал, чанарыг зохицуулах тусгай хуультай байгаа аж.
Цусны донорын тухай хуулийн төсөл батлагдсанаар тус салбарын эрх зүйн орчин боловсронгуй болж, цусны донорын сургалт, сурталчилгаа сайжирч, орон нутагт ахиц дэвшил гарна гэж үзэж буйгаа хууль санаачлагчид танилцууллаа. Мөн цусны донорын нийгмийн халамж, урамшуулал сайжирч, тоо нь нэмэгдэх боломжтой гэж үзэж байна. Түүнчлэн, гамшиг, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамж бүрэн шийдэгдэнэ гэж үзжээ.
Харин Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл батлагдсанаар эрх зүйн орчин улам боловсронгуй болж, эмчилгээний үр дүнтэй аргууд нэвтэрч эхэлнэ. Түүнчлэн, иргэд эх орондоо дэлхийн жишигт нийцсэн чанартай эмчилгээ, үйлчилгээг авах боломж бүрдэх бөгөөд амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах талаар баримтлах бодлого, зохицуулалт ойлгомжтой, тодорхой болж, эмчилгээний чанар, хүртээмж, үр дүн сайжирна гэж үзэж буй аж.
Монгол Улсад 2000 онд Донорын тухай хууль баталж цусны донорын үйл ажиллагааг зохицуулж байсан учир дөрвөн удаа нэмэлт, өөрчлөлт, шинэчилсэн найруулга хийж, эрхтний донор, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний талаар нэмж тусгажээ. Өдгөө дэлхий нийтэд үүдэл эсийг эд эс нөхөн сэргээх эмчилгээнд ашиглах, үр хөврөл шилжүүлэн суулгах зэрэг олон шинэ арга технологи нэвтэрч эхэлсэн учир манай улсын эрүүл мэндийн салбар тэдгээр дэвшилтэд шинэ технологиудыг хөгжүүлэх шаардлагатай болсныг хууль санаачлагчид онцлов гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.