Хэрэг шалгахаар далимдуулж хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нь тодорхой болов

Өчигдөр байнгын хорооны хуралдаан дээр “байцаагдах” үедээ Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн хөлс нь бурзайсан байв. Цэргийн баярын урд шөнө “Ноорог медиа”-гийн редакцид цагдаа нар хойшлуулшгүй ажиллагаа явуулж, техник, хэрэгслийг нь хураан авч,  найман ажилтныг  нь шөнөжин саатуулсан хэрэг явдлаас зургаа хоногийн дараа УИХ-ын байнгын хороо сайдаас мэдээлэл авч буй нь энэ.

 

Гол асуулт 1:  “Хэвлэн,нийтлэх эрх чөлөөг нь зөрчсөн үү, хүний салшгүй эрхэнд халдсан уу”?

Гишүүн П.Сайнзоригийн хэлсэнчлэн хэн нэгнийг гэмт хэргийн шинжтэй үйлдэлд шалгахдаа “Хэвлэлийн эрх чөлөөнд халдаж болохгүй”-г сайд ч хүлээн зөвшөөрч “Хэвлэн, нийтлэх эрх чөлөөнд халдаагүй” гэж гүрийсээр хуралдааныг дуусгав.

П.Сайнзориг түүнийг  мөн “Цагдаагийн мэдээллийг зарлахдаа  мөрдөн байцаагч шиг хандлага гаргасан” гэхэд О.Алтангэрэл “Хэвлэл мэдээллээр мэдээлэхдээ анхаарах ёстой юм байна, шүүмжлэлийг хүлээж авлаа” гэв.

Хуралдааны эхэнд О.Алтангэрэл сайдын өгсөн мэдээллээр бол  цахим  мөрийтэй тоглоомыг иргэдэд сурталчлан зохион байгуулж, мөнгө угаах гэсэн хэрэгт     “Ноорог”-т  ажилладаг нэг иргэн шалгагдаж буй ажээ. Мөн 2024 онд нэг эмэгтэй гэртээ боомилсон байдалтай нас барсан гэх дуудлага ирж, хамтран амьдрагчийг нь шалгаж байгаа аж. Түүнд мөн “Ноорог”-ийн нэг ажилтан хамаатай бололтой. Энэ хоёр хэргийг 2022 болон 2024 оноос хойш шалгаж буй. Харин  тэр нэгэн шөнө яагаад хойшлуулшгүй ажиллагаа явуулж,саатуулсан бэ гэдэгт гурав дахь хэргийн мэдээлэл хамаатай.

2025 оны 3-р сарын 17-нд “Ноорог пэйж”-ээс хуурамч мэдээлэл их оруулах юмаа. Хүн амиа хорлох оролдлого хийлээ штэ”  гэсэн гэмт хэргийн шинжтэй мэдээлэл Цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын фэйсбүүк хаягаар иржээ. Тэгээд л фэйсбүүк чаатын дагуу “Ноорог”-ийн редакцид  хойшлуулшгүй үзлэг хийжээ. Тэгэхэд хувь хүний нууцад халдах, задруулах, мөрийтэй тоглоом зохион байгуулах зэрэгт холбоотой  гэх эд мөрийн баримтууд илэрсэн гэнэ.

Тэр ч бүү хэл хойшлуулахгүйгээр  баривчлах тухай прокурорт хандсан ч хүлээж аваагүй аж. Гэсэн ч цагдаа шөнөжин  яагаад саатуулав? Гэсэн асуултад сайд О.Алтангэрэл “Хурааж авсан компьютер, техник хэрэгсэлд үзлэг хийхэд тэднийг байлцуулах шаардлага гарсан” гэв.

Өнөөдрийн байдлаар “Ноорог”-т ажилладаг хүмүүст холбогдох нэг  гомдол, мэдээлэл, хоёр  хэрэг бүртгэлттэй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа ажээ.

“Ноорог”-ийнхныг үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэх хэрэгт шалгаагүй, цагдаагаас ч тийм мэдээлэл ирээгүй гэнэ.

 

Гол асуулт 2: Эрүүгийн хуулийн 19.9 дэх “Үндэсний эв нэгдлийг бусниулах” хэмээх заалтыг яагаад хэрэглэх гэж үзэв.

 

Гол асуулт 3: Нэг медиа багийн хоёр, гурван  хүнийг өөр гэмт хэрэгт холбогдуулан шалгахдаа бөөнөөр нь цагдаа дээр аваачиж, шөнөжин саатуулах ямар  учир байв? Цэргийн баярын урд өдөр  “Ноорог пэйж”-ээс хуурамч мэдээлэл их оруулах юмаа. Хүн амиа хорлох оролдлого хийлээ штэ”  гэсэн чаатыг Цагдаа руу хэн бичив?  Тэр байтугай хуурамч мэдээлэл оруулдаг фэйсбүүкийн хуудсууд өчнөөн олон байхад заавал “Ноорог”-ийг оролддог нь ямар учиртай вэ?

О.Алтангэрэл сайд Байнгын хороонд мэдээлэл өгөхдөө цахим мөрийтэй тоглоом ямар их аюул дагуулж байгааг байн байн тодотгов. Цагдаагийн байгууллагаас сүүлийн дөрвөн  жилд мөрийтэй тоглоом зохион байгуулахтай холбоотой нийт 1360 хэрэг бүртгэлтийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан гэнэ. Харин шүүх  299 хэргийг эцэслэн шийдвэрлэжээ. Эндээс дахин гол асуулт тодорч буй.

 

Гол асуулт 4: “Ноорог”-ийн ажилтан бол  цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагаа явуулсан 1360 хэргийн зөвхөн нэг нь. Гэтэл яагаад чухам “Ноорог”-ийг ноолов?

 

 БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААНД ГИШҮҮДИЙН ХЭЛСЭН ҮГИЙН ТОЙМ

Гишүүн Г.Дамдинням:

Коммунизмын үеийн хууль, шүүхийн байгууллагын дарга нар хүн яллах гэж улайраад байдаг учраас нэгдлийн улаан бух гэж нэрлэдэг байжээ.   Энэ улаан бух шиг “Ноорог”-ийг шалгаж байгаа хэргийн зүйл анги хэд өөрчлөгдөв? Эхлээд  байдалд хортой гэдэг  нэг зүйл зарлаад.  Дараа нь хүний амь настай холбоотой гэж зарлаад,  дараа нь мөрийтэй тоглоомын асуудал яригдаад.

Найман хүүхэд нэг байгууллагад ажилладаг. Холбоотой хоёр хүүхдийг нь л барина биз, яахаараа наймууланг нь авч яваад шөнөжингөө байцаадаг юм бэ.

126 гишүүний нэг нь асуудалд орвол 126-г цөмийг нь шөнөжингөө байцаах уу, нэг байгууллагад ажилладаг учраас. Эрүүгийн гэмт хэргийг  бусдад нялзааж хэрэглэж болохгүй байлгүй дээ. Энэ бол Монголын ард түмний мэдэх эрх, эрх чөлөөний асуудал.  Энийг хүмүүс зүгээр нэг хэдэн хэвлэл мэдээллийн байгууллагуудын асуудал гэж хараад байгаа байхгүй юу. Хэвлэлийн эрх чөлөө гэдэг болбол Монгол хүн бүрийн эрх чөлөө хэвлэн нийтлэх эрх чөлөө гэдэг бол монгол хүн бүрийн эрх чөлөөг хамгаалах тухай асуудал.

Гишүүн  Х.Баасанжаргал:

-Өмгөөлөгч нь өөрөө мессежээ ил болгосон. Манай үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн 19.9.1-д заасан гэмт хэрэгт буруутгаж байна гэдэг мэдээллийг ил болгосон. Дараа нь прокурорын байгууллагаас “Худал мэдээлэл тараасан үндэслэлээр тодорхой нэр бүхий иргэдийг  баривчлах хүсэлтийг цагдаагийн байгууллагаас ирүүлснийг татгалзаж шийдвэрлэлээ” гэж хэвлэлийн мэдээлэл гаргасан. Дараа нь цагдаагийн байгууллагын албан тушаалтан “Худал мэдээлэл тараасан үндэслэлээр энэ байгууллагыг шалгасан” гэсэн. Дөрөв дэх дээр нь цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийхдээ “мөрийтэй тоглоом” гэдэг зүйл гаргаж ирсэн.

Тухайн хойшлуулшгүй ажиллагааг гарцаагүй хийх үндэслэл байсан юм уу.

Байгаагүй гэдэг нь няцаагдаад байгаа. Худал мэдээлэл тараах гэдэг үндэслэлээр шалгаж байгаа ч гэсэн хэвлэн нийтлэх эрхтэй нь холбоогүй гэсэн. Хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй нь холбоогүй  юм бол яагаад тоног төхөөрөмжийг нь одоо хүртэл өгөхгүй байгаа юм бэ?

Гишүүн, байнгын хорооны дарга  Д.Цогтбаатар:

-Үндсэн хуулиараа Монгол Улсын иргэн халдашгүй дархан эрхтэй. Юуны чинь УИХ-ын гишүүний дархан эрх. Монгол Улсын иргэн дархан эрхтэй, Үндсэн хуулиараа хамгаалагдсан. Түүнийг нэвтэлж орохын тулд, тухайлбал хойшлуулшгүй ажиллагаа хийлээ гэхэд маш нарийн шалгуурууд тавигдсан байдаг. Энд яригдаж байгаа асуудал хэвлэлийн эрх чөлөөнд   халдсан байна уу?

Зорилго чинь хэргийг илрүүлэх байна уу, хэвлэлийг айлгах байна уу гэдэг дээр үндсэн ялгаа гараад ирж байгаа.

Аливаа хуулийн хэрэгжилт дээр зорилго бүгдийг шийдэж байгаа. Нийгмийн итгэл маш чухал гэдэг чинь энийг л  хэлж байгаа. Зорилгод чинь хүмүүс итгэхгүй байгаа тохиолдолд та нарт ийм пакттай гэдгийг олон нийтэд ярьж өгөх боломжийг бид нар гаргаж өгч байгаа юм. Иргэний халдашгүй эрхийн асуудалд  ямар ч төрийн байгууллага, ялангуяа  УИХ, ямар ч том дарга анхаарч явах ёстой учраас бид О.Алтангэрэл сайдаас мэдээлэл авлаа.

Уг асуудалтай холбогдуулан ХЭҮК-оос   “Ноорог Креатив студио” ХХК-ийн найман ажилтны халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн,  тэдний  үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зөрчиж, эрмэлзэл зоригийг мохоохыг оролдсон, төрийн эрх бүхий байгууллагууд болсон үйл явдлын талаар мэдээлэхдээ олон нийтийн мэдээлэл авах эрхийг хангаагүй хэмээн дүгнэлт гаргасан.

Байнгын хорооны хуралдаан дээр О.Алтангэрэл сайд ХЭҮК-ын Г.Нарантуяа руу уурсангүй үг шидсэнээс харвал уг дүгнэлт мэдээж таалагдаагүй нь тодорхой.

Дээрх бүхнээс харахад  “Ноорог”-ийн зарим ажилтанд холбогдох хэргийг шалгахаар далимдуулж, тэдний хэвлэн нийтлэх, үзэл бодолтой байх заяамал эрхэнд халдсан байна гэж дүгнэгдэж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16-р зүйлд “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” хэмээн заасан байдаг. Үүний нэг нь “Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно” хэмээн заасан.

 

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn