
УИХ-ын хаврын ээлжит чуулган нээлтээ хийж, уламжлал ёсоор УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэлснээс өөр шинэ содон зүйл өрнөсөнгүй. УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн үгэнд анхаарал татахуйц улстөрийн нэг ньюанс орсон нь тэрээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бүрэн бууж өгч, бүр УИХ-ын гишүүдээсээ ч дээр тавьж буйгаа илэрхийлэв.
Тэрээр үгийнхээ эхэнд: 4
- “Эрхэм хүндэт ард иргэд ээ,
- Монгол Улсын Ерөнхий сайд аа,
- Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
- Хүндэт зочид оо” хэмээв.
Эл үгийн дарааллыг харвал нэгд, иргэд, хоёрт, Ерөнхий сайд, гуравт, УИХ-ын гишүүдээ оруулжээ. Өмнөх жилүүдэд дарга нарын үгэнд нэгд, иргэд нэгд, хоёрт, иргэдээсээ сонгогдсон УИХ-ын гишүүд, гуравт, Ерөнхий сайд, Засгийн газар ордог байлаа. Д.Амарбаясгалан энэ эрэмбэ дарааг өөрчилснөөрөө Л.Оюун-Эрдэнийг үг дуугүй дагана гэдгээ илэрхийлэв бололтой.
Уг нь эрэмбээрээ ард түмнээс сонгогддог УИХ-ын гишүүд нь эрэмбэ дээр, УИХ-аасаа томилогддог Ерөнхий сайд нь эрэмбэ доор байх ёстой юм.
Монголын улстөрд бүлэглэлүүдийн тэмцэл ил,цагаандаа гарч, шинэ МАНАН бүлэглэл, хуучин МАНАН-гаа үсгүй “хусаж”, улмаар өөрсдийнхөө ноёрхлыг тогтоох санаархлаар өрнөж буй. Ийм ч учраас хуучин МАНАН-гийн санхүүжүүлэгч гэгдэх MSC-ийг дарж авч, болж өгвөл татан буулгах санаархалтай болов уу.
Иймдээ ч уул уурхайн улстөрөөр халууруулж, Тавантолгой бүлэг ордын лицензийн асуудлаар өрнөж буй. Уг асуудлыг шалгах ажлын хэсэг Ерөнхий сайдын захирамжаар гарсны дараа энэ зүгээс УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг Бор тээгийн орд, “Админерал” ХХК-тай холбож сошиал троллуудаараа ээлжгүй нүдүүлсэн.
Дараахан нь УИХ-ын гишүүн, “Женко” Х.Баттулгын хамтрагч “Босоо” хэмээх С.Ганбаатар “УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бор тээгт ямар ч хамаагүй юм билээ” хэмээн мөн л мөнөөх троллуудаараа дамжуулан цацсан.
Тэгэхээр Тавантолгойн бүлэг ордын лицензийг шалгахдаа Бор тээгийг тойрох тохироо хийсэн гэсэн үг. Авлигажсан улстөрд наймаа ингэж буюу “Чи тэгвэл би ингэнэ” гэсэн зарчмаар явагддаг.
Уг асуудал УИХ-ын гишүүн С.Ганбаатарын амнаас гарахаас өмнө ч, өмнөх сонгуулиас бүүр өмнө ч МАН-ын дарга нар хоорондоо толхилцох толхилцоон дээр Д.Амарбаясгалангийн эсрэг оноо нь яах аргагүй Бор тээг байлаа. Тэгвэл уг асуудал одоо сошиалаар цацагдахгүй, авч хэлэлцэгдэхгүй болсон бололтой. Гэхдээ уг асуудлыг байнга ярьдаг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр цаашид дуугарах нь уу гэдгийг анзаарах хэрэгтэй.
Улмаар Д.Амарбаясгалан хэлэлцэж, шийдэх асуудлынхээ эрэмбэ дарааны эхэнд Засгийн газраас зүтгүүлж буй 14 мега төслийг бүрэн дэмжинэ гэдгээ ч УИХ-ын гишүүддээ илэрхийлэв.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн үгийг бүрэн эхээр нь ЭНД-ээс уншина уу.
Gereg.mn сайтын тоймч