Зарчмаа гээсэн Засгийн газрын хоёр шийдвэр

Монгол Улс бол хүний эрхийг дээдэлсэн, ардчилсан төртэй, зах зээлийн харилцаат эдийн засагтай улс. Эдгээр үндсэн  суурь асуудлуудыг Үндсэн хуулиар томьёолсон байх учир төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болж явдаг. Зарчим гэдэг нь хазайж болохгүй үзэл баримтлал, дагаж явах гол нуруу.

Гэвч хамтарсан Засгийн газар зарчмаа гээсэн хоёр ч шийдвэрийг өчигдөр гаргаж, олон нийтийн шүүмжлэл дагууллаа.

Нэг дэх нь , хаврын морин уралдаан зохион байгуулах эрхийг орон нутгийн Иргэдийн хурал, Засаг дарга нарын бүрэн эрхэнд өгсөн явдал.  

Үндсэн хуульд зааснаар Засгийн газар хуулийн биелэлтийг зохион байгуулах, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах үүрэгтэй. Тиймдээ ч Засгийн газрын хамгаалалтад зайлшгүй байх ёстой эрх, эрх чөлөөг хамгаалж авч явах үүргийг Ерөнхий сайд хүлээдэг. Эдгээрийн нэг бол хүүхэд хамгааллын асуудал.

Гэтэл хаврын морин уралдаан зохион байгуулах, эсэх асуудлаар Засгийн газрын баримталж байсан хатуу байр сууринаас ухарч, өөрөөсөө түлхсэн нь эхэнд өгүүлсэн зарчмын эсрэг шийдвэр юм.

Учир нь хүний эрхийг дээдлэх зарчим, үзэл санааны эхэнд хүүхдийн эрх байдгийн илрэл нь уг асуудлыг Ерөнхий сайдын хэмжээнд аваачсан явдал. Гэвч Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дарга Ерөнхий сайд хүүхэд хамгааллын асуудлыг өөрөөсөө түлхсэн нь хамгийн том ухралт болов.

Хоёр дахь нь, цагаан сараар Улаанбаатарчуудад хямд мах идүүлнэ гэх тайлбартайгаар гаргасан ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаярын махны экспортыг хориглосон тухай шийдвэр.

Зах зээлийн эдийн засагтай улс орнууд чөлөөт худалдааг дэмждэг. Тэр тусмаа олон төрлийн бараа, түүхий эд экспортод гаргах чадамжгүй Монгол Улсын хувьд нүүрс,зэс, уул уурхайн бусад бүтээгдэхүүн, ноолуур, мах гэсхийгээд экспортын жагсаалт дуусдаг. Махны экспортын хувьд малын эрүүл ахуйн асуудал гэж маш олон жил ярьж, хувийн хэвшил уйгагүй хөөцөлдсөний эцэст Монголоос мах авах гадаад түншээ олоод , итгэлийг нь алдчихгүй шиг махаа өгч байгаа асуудал. Гэвч энэ олон жилийн хичээл, зүтгэл дээр нэг л өдөр дотооддоо попорсон сайд нь ус хийж орхих аж.

Эрэлт, нийлүүлэлтийн хуулиар цагаан сараас өмнө махны үнэ угаасаа өсдөг. Мах ховор, олдохгүй дээ биш. Далан сая малтай Монголд мах шиг элбэг хүнс үгүй.Тэгэхээр чөлөөт зах зээлийн зарчмын эсрэг ийм шийдвэрийг  гаргаж байдаг Засгийн газар, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр үнэхээр зарчмын эсрэг зогсдог болжээ.

Нэгтгэж хэлбэл, Засгийн газар хүүхдээ хамгаалахгүй, махаа экспортлохгүй. Тэгээд Засгийн газар юу хийх вэ? Мега төслүүд хэрэгжүүлэх нэрээр их мөнгөний ажил л хийх бололтой.Мөнгөний ашиггүй ч хамгаалах зарчмуудаа хамгаалж явах нь Засгийн газрын үүрэг.

www.gereg.mn тоймч

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn