Уран тойрсон асуудлууд: Жингэр нохой хуцаж л байдаг, жингийн цуваа явж л байдаг
Өнөөдөр морин цагт Монгол улсын Засгийн газраас Франц улсын “Орано майнинг” компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурж байна. Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК ийнхүү Монгол улсад уран олборлож. шар нунтаг үйлдвэрлэж эхлэхээр болж байгаа нь энэ.
Монгол улсын УИХ-ын зөвшөөрснөөр уран олборлох төслийн хөрөнгө оруулалтын гэрээ ийнхүү байгуулагдаж байна. Энэхүү гэрээг сүүлийн хоёр жил гаруйн өндөр дээд хэмжээний айлчлал, яриа хэлэлцээний үндсэн дээр байгуулж байгаа билээ. Гэвч Монгол улсын байгуулж байгаа энэхүү гэрээг эсэргүүцэгчид байсаар ирсэн. Гэхдээ тэр эсэргүүцэгчид яг гэрээ байгуулахын өмнөх өдрөөс жагсаал хийж, хоёр ч хүн хуурай өлсгөлөн зарлаад байна. Тэд ураны төслийг хөдөлгөх үндсэн бэлтгэл хангагдаж, холбогдох хоёр ч хуульдаа өөрчлөлт оруулж, хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар хянуулан түр дэгээ ч баталж байхад чимээгүй байлаа. Энэхүү эсэргүүцэгчдийн гол яриа нь уран хортой, аюултай. Ухвал хүн мал генийн өөрчлөлтөд орж, мутац үүснэ гэх зүйлс. Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хоёр толгойтой, найман хөлтэй хурга ишиг олноор төрсөн тухай үлгэрүүд.
Монгол улсын талын “Мон-Атом” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Дэлгэржаргал, төслийн зөвлөх, цөмийн физикч Н.Тэгшбаяр нар энэ асуудлаар мэдээлэл хийж, зарим судалгааны дүнг танилцуулсан.
Өнөөдрийг хүртэлх хугацаанд цацраг идэвхээс болж өвчилсөн нэг ч мал, хүн гарч ирээгүй. Ундны усыг бохирдуулахгүй. Угаас газрын гүнд, урантай ойр буй тухайн ус өөрөө бохирдмол тул унданд хэрэглэж болохгүй. Тэр усыг 0.02 хувийн хүхрийн хүчлийн уусмал болгож, шар нунтгийг салгаж аваад, эргээд тухайн усаа цэвэршүүлж, дахин ашиглана. Процесс газар дор явагдана хэмээн дахин тайлбарласан.
Тэд “Уран нь цацраг идэвхит элемент гэдэг нь үнэн. Тэр цацраг идэвх өндөр хор хөнөөлтэй. Гэхдээ хүн төрөлхтөн цөмийн энергиэр эрчим хүч гаргаж авах технологийг цорын ганц гарц гэж тооцон, өрнөдийн орнууд энэ чиглэлд хөл тавьж байна. Дагаад технологи, стандарт, дүрэм журам ч тодорхой болсон. Ерөөс уран олборлосны улмаас хүн, амьтан генийн өөрчлөлтөд өртсөн тохиолдол дэлхийн хэмжээнд тэмдэглэгдээгүй байна” хэмээн мэдэгдсэн.
Мөн энэхүү ураны эсрэг тэмцлийн ард хөрш их гүрний хатгаас тэр бүү хэл санхүүжилт ч байгаа тухай хардлага бий.
Халихад ер нь Монгол улс өөрт ашигтай гэрээ, хэлэлцээ хийж хэрэгжүүлэх болгонд ёс юм шиг эсэргүүцэл гарч, бараг хүн толгойтой бүхэн тухайн сэдвийг шүүрч аван ярьж, хэлэлцэж, сошиалаар нэг хэлэлцүүлэг буруутгал өрнөх болоод удлаа. Зэс, нүүрс, төмөр, газрын ховор элемент олборлолтын салбарууд, авто зам, төмөр зам бусад бүх төслүүд ийм жамаар явж зарим нь зогсоход хүрсэн нь үнэн түүх. Энэ удаа уран олборлолтыг эсэргүүцэж байгаа нь энэ удаа ч гарч ирсэн юм биш. Өмнө нь уран, цөмийн технологи, цөмийн цахилгаан станцын асуудал яригдахад энэ бүхэн гарч ирсээр 30-аад жилийн нүүр үзэж байна.
Тэгэхээр манай Засгийн газар, эрх мэдэлтнүүд нөгөө ” Жингэр нохой хуцаж л байдаг, жингийн цуваа явж л байдаг” хэмээхийг санаж улс оронд хэрэгтэй, хөгжил дэвшилд хүргэх ийм төслүүдээ явуулж л байх ёстой.
Тиймээс уран олборлох тухай асуудлаар сүүлийн хоёр жил хийгдсэн гэрээ, хэлэлцээрүүд, уран ашиглах ямар ач холбогдолтой тухай өгүүлэх хэрэгтэй байх
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2023 оны аравдугаар сард Франц улсад төрийн айлчлал хийсэн. Энэ үеэр 1997 онд анх орж ирсэн дээрх төслийг урагшлуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсэг хэлэлцээ хийж, зөвшилцөж байсан нь зогсолтгүй үргэлжилсээр ийнхүү ажил хэрэг болж буй. Төслийг Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК, “Орано Майнинг С.А.С” компани хэрэгжүүлэх юм. Энэ төсөл нь Монгол Улсын хувьд гуравдагч хөрш оронтой хийж буй, Оюутолгой төслийн дараа орох хоёр дахь том төсөл болно гэж үзэж байгаа.
Олон Улсын Атомын Энергийн Агентлагаас ураны эрэлт 2024 онд 93 мянган тонн байгаа бол 2050 гэхэд 177 мянган тонн болж нэмэгдэх тооцооллыг гаргаад байгаа. Монгол Улсад 192.2 мянган тонн ураны нөөц бүртгэгдсэн нь дэлхийн ураны нөөцийн гурван хувийг бүрдүүлж, нөөцийн хэмжээгээр дэлхийд аравдугаарт орж байна.
“Бадрах Энержи” ХХК- ийн олборлолт явуулах Зөөвч-Овоо орд нь дэлхийд сүүлийн 20 жилд илэрсэн 10 том ураны ордын нэг бөгөөд жил бүр 2500 тонн уран экспортлох тооцоо гаргасан. Энэхүү төслөөс Монгол Улс 51 хувийн ашиг шууд хүртэнэ. Хамтарсан Засгийн газрын 14 мега төслийн нэг энэхүү Зөөвч-Овоо ордыг ашиглаж эхэлснээр гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх төдийгүй ажлын байр шинээр бий болж, шинэ технологи нутагших зэрэг олон талын ач холбогдолтой.
Хөрөнгө оруулагч нь Монгол Улсад 1997 оноос хойш хайгуул, олборлолтын чиглэлээр тасралтгүй 27 жил үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 2021 оны долдугаар сараас Зөөвч-Овоо ордын үйлдвэрлэлийн туршилтыг эхлүүлж, 2022 оны арванхоёрдугаар сард амжилттай гүйцэтгэж дуусгажээ. Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулагчтай нийт 18 удаагийн хэлэлцээг хийснээр эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр дараах нөхцөлүүдийг урьдчилан тохиролцоод байгаа юм.
Төслийн анхны хөрөнгө оруулалтын хэмжээ ойролцоогоор 500 сая ам.доллар байх бөгөөд гэрээ хүчин төгөлдөр болох өдрөөс хойш 4 жилийн хугацаанд хийхээр тусгажээ.
Анхны хөрөнгө оруулалтын хувьд төслийн хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны санхүүжилтийг зээл түүнтэй адилтгаж санхүүгийн хэрэгслээр бүрдүүлэхгүй, өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр тохирсон байна. Төслийн хугацаанд хувь нийлүүлэгчийн зээлийг зөвшөөрөхгүй, зээл авах зайлшгүй шаардлага үүссэн тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр шийдвэрлэхээр, гэрээ хүчин төгөлдөр болох өдрөөс өмнө төсөл хэрэгжүүлэгч компанид олгосон хувьцаа эзэмшигчийн зээлийг төсөл хэрэгжүүлэгч компанийн хувь нийлүүлсэн хөрөнгөд шилжүүлэхээр тохирсон байна.
Хэрэв Монголын талын шууд үр өгөөж 51 хувьд хүрэхгүй байгаа тохиолдолд хөрөнгө оруулагч болон төсөл хэрэгжүүлэгч компани нь үр өгөөжийг 51 хувьд хүргэхэд шаардлагатай үр өгөөж тохируулах нэмэлт төлбөрийг Засгийн газарт нөхөн төлөх үүрэгтэй байхаар тохиролцсон.
Засгийн газар төсөл хэрэгжүүлэгч компанийн эздийн өмчийн 10 хувьтай тэнцэх төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцааг үнэ төлбөргүй, шууд эзэмших ба хувь хэмжээг бууруулахгүй байх талаар гэрээнд тусгасан.
Засгийн газар нь бүтээгдэхүүний 10 хүртэлх хувийг хөрөнгө оруулагчтай ижил нөхцөл, болзлын дагуу худалдан авахаар гэрээний төсөлд тусгажээ. Хөрөнгө оруулагч талаас нийт 27 төрлийн татварыг тогтворжуулах саналыг хэлэлцээрийн явцад бууруулж, зөвхөн ААНОАТ, НӨАТ, АМНАТ, гаалийн тариф гэсэн 4 төрлийн татварыг тогтворжуулахаар тохирсон.
Татвар тооцох аргачлалыг өргөн утгаар нь тогтворжуулах санал ирүүлсэн ч зөвхөн татварын төрөл, хувь хэмжээ, элэгдэл хорогдолд тооцох хугацаа, алдагдал, ирээдүйд шилжүүлэн тооцох хугацаа гэсэн гурван үзүүлэлтийг тогтворжуулахаар тохирчээ. АМНАТ-ыг үндсэн болон нэмэгдүүлсэн хувиар тооцох бөгөөд тусгай төлбөрийг бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс хасагдуулга, инфляц тооцохгүйгээр бүрэн төлөхөөр тусгах. Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэхийн (BEPS) эсрэг зарчим болон дотоодын хуулийг бүрэн дагаж мөрдөхөөр гэрээний төсөлд тусгажээ. Маркетингийн төлбөрийг татварын болон санхүүгийн тайлангийн зорилгоор хасагдах зардалд зардлаар бүртгэхгүй болохыг хэлэлцээрийн явцад хөрөнгө оруулагч талтай тохирч, зөвшөөрүүлээд байна.
Энэхүү хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, хэрэгжүүлснээр улс, орон нутгийн төсөвт жилд 520 тэрбум, төслийн нийт хугацаанд 17.1 их наяд төгрөг, Үндэсний баялгийн санд жилд 61.5 тэрбум төгрөг төвлөрүүлж, 1600 орчим ажлын байрыг шинээр бий болгоно.
Шинэ технологи нутагшуулж, хүхрийн хүчлийн үйлдвэр байгуулна. ТЭЗҮ-д тусгаснаар хог хаягдлын менежмент дээр 2.4 сая ам.доллар, хүхрийн хүчлийн үйлдвэрийг 2028 оноос байгуулж эхлэхээр 96.2 сая ам.долларыг тусгаад байна.