Улиран одож буй 2024 он монголчуудын хувьд хөгжих, эс хөгжих, ардчилсан зарчмаар урагшлах, ухрахыг шийдэхүйц онцлогтой улстөрийн сонгуулиудын жил байлаа.
www.gereg.mn сайт Монголын улс төрийн 2024 оны алдаа, оноог есөн сэдэвт багцлан аль болох үнэнээр, нэмэр хачиргүйгээр тоймлон хүргэхийг зорилоо.
Эхний сэдэв мэдээж УИХ-ын сонгууль.
АНХНЫ 126 ГИШҮҮНТЭЙ ПАРЛАМЕНТЫН СОНГУУЛЬ:АЛДАА,ОНОО
Зургадугаар сарын 29-нд УИХ-ын сонгууль болж, жагсаалтаар 48, тойрогт нэр дэвшин өрсөлдсөн 78 ялагчийн бүрэлдэхүүнтэй шинэ УИХ бүрдлээ. 2023 онд Үндсэн хуульд оруулсан “126 гишүүнтэй УИХ-ыг холимог тогтолцоогоор бүрдүүлэх” заалт ийнхүү биежив. УИХ-ын гишүүд нөлөөнд автдаг, авлигад идэгддэг гажуудлыг засахын тулд хийсэн шинэчлэлт өмнөхөөс дээрдсэн нь дамжиггүй.
Гэхдээ нэмэгдэхүүний тоо олширсон ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй байх магадлалтай нэг гажуудал 2024 онд газар авч, улмаар бүр ил цагаандаа гарсан нь Монголын улстөрийн хоёр багана гэгддэг МАН,АН дахь жижиг бүлэглэлүүд юм. Тэд хэнийг нэр дэвшүүлэх, хэнийг сайд, дарга болгохыг хүртэл шийдэж буй нь шинэчлэлийг үр дүнд хүргэхэд саад, тотгор болж мэднэ.
Түүнчлэн улсын төсвийг жалга довоор нэг тараадгийг болиулах гэж, Монголын бүсчилсэн хөгжлийг дэмжих гэж анх удаа 78 гишүүн 13 бүсчилсэн том тойргоос сонгогдлоо. Том тойрог бүсчилсэн хөгжлийг дэмжиж буйгаараа зөв хэдий ч парламентад шинэ, залуу, мөнгөгүй хүн нэр дэвшихийг шууд хааснаараа, сонгууль шууд утгаараа “мөнгөний сонгууль” болсноороо бас л нэг асуулт үлдээв.
“Мөнгөтэй” хэмээх ганцхан хүчтэй, тэр хүчээрээ юуг ч хийж болох бүлэглэлүүдийн тохироон дээр аливаа шийдвэр гардаг болсноор “улстөрийн нам” хэмээх институтын үйл ажиллагаа ч ерөнхийдөө суларсан жил байлаа. “Парламентын ардчилал бол намуудын ардчилал юм” гэдэг үгийг санавал 2024 оны Монголын улстөрөөс үлдсэн асуулт бөгөөд асуудал энэ мөн.
Бүлэглэлүүдийн тэмцлээс мэдээж хамгийн томоохон нь МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Ц.Элбэгдорж нарын МАНАН бүлэглэлтэй хийсэн тэмцэл байлаа.
УИХ-ын сонгуулийн өмнө 26 жилийн өмнө болсон С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг дахин сөхөж, нийгэмд хүчтэй, давтамжтай мессэж өгснөөр ядаж л Ц.Элбэгдоржийг эх оронд нь ирүүлсэнгүй, Л.Оюун-Эрдэнэ ч дахин Ерөнхий сайдаар томилогдов.
Үндсэндээ 2017 оноос хойш авлигачидтай тэмцэж буй Л.Оюун-Эрдэнийн удирдсан МАН-ын сонгуулийн уриа “Ард түмэн ялна”. Цаад санаа нь “Авлигачид ялахгүй” гэсэн санаа. АН-ын хувьд нэр дэвшүүлэлтээс эхлээд “Женко” Х.Баттулгын оролцоо их байсан бөгөөд түүний гэгдэх хүмүүс сонгуулийн сурталчилгааны турш МАН-ынхантай хавсран намынхаа дарга Лу.Гантөмөрийг муулж, гоочилсон нь дээр дурдсан “улстөрийн нам хэмээх институт” үгүй болсны нэг илрэл байлаа.
Энэ бүхнийг цөөн үгээр базаж хэлэхэд, 2024 оны УИХ-ын сонгууль нэр дэвшүүлэлтээсээ эхлээд ардчилсан,шударга болоогүйг улстөр сонирхдог, улстөрөөс улсын хөгжил шалтгаалахыг гадарладаг бүх хүн ярьж байгаа. Гэвч алгаараа нүүрээ дарчихаад нуугдчихлаа гэдэг балчир хүүхэд шиг шударга бус, муу муухайгаа хаа нэгтээ “нуучихаад”, сонгуулийн дараа МАН, АН, ХҮН гурван нам стандарт бус хамтарсан Засгийн газрыг байгуулж, “Эх орноо хөгжүүлэх” уриатайгаар ажиллаж байна.
УИХ-ын сонгуулийн санал хураалтын өдөр намууд өрсөлдөгчдийнхөө мөнгө тараасан, санал худалдаж авсан зэрэг хууль зөрчсөн баримтуудыг цуглуулаад байсан ч хамтарсан Засгийн газарт багтсан тул хамтдаа хав дарсан билээ.
Хэдийгээр сонгууль алдаа,оноотой болоод өнгөрсөн ч УИХ-ын гишүүд ажлаа хийж, Монголын улстөрийн амьдрал өрнөж байна. Ирж буй 2025 онд 126 гишүүнтэй УИХ-аас ардчилллыг бэхжүүлэх, хөгжлийг цэцэглүүлэх олон мэргэн шийдвэр гарах болтугай.
www.gereg.mn сайтын редакц