Эмчлээд мөнгө авах бодлого эрүүл мэндийн даатгалын санг хоосолжээ

Эрүүл мэндийн даатгалын сан гэж иргэн бидний эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийн чухал эх үүсвэр бий. Гэвч тус сангийн нөхцөл байдал олноороо өвчилж буй хүн ардын байдал шиг хүндхэн байгааг тус салбарын удирдлагууд удаа дараа ярьсаар байна.

Тиймээс 2025 оны төсөв хэлэлцэж буй энэ үед  Эрүүл мэндийн даатгалын сан /ЭМДС/-гийн талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат нарын ярьснаар, Эрүүл мэндийн даатгалын санд хэд хэдэн асуудал тулгарчээ.

  1. Өрийн асуудал.  ЭМДС-д 218 тэрбумын өр үүсчээ. 2021,2022 онуудад омикроны дэгдэлтийг эмчилсэн төлбөрийг Төрийн сангаас ЭМДС-д хийгээгүй байна.

Тиймээс энэ мөнгийг 2025 онд санд төвлөрүүлж,өрнөөс гаргаж өгөхийг хүсч, төсвийн саналаа өгчээ. (Засгийн газар УИХ-д төсвийн саналаа өгөхдөө  “Төсөв өргөн барилаа” гэж ярьдагийг сая санав. Яагаад тэгэж хэлдэг юм бол? Уг нь иргэдийн татварын мөнгийг иргэнд буцаагаад хуваарилах санал л юм)

Өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр ЭМДС-гаас эмнэлгүүдэд өгөх санхүүжилтийг зогсоолоо гэсэн мэдээлэл цацагдахад Т.Мөнхсайхан сайд энэ талаар мэдээлэл өгч байв.

2. Өвчин туссан бол тухайн хүн хувь, хувьсгалын аль ч эмнэлгийг сонгон эмчлүүлээд тэр хүнийг эмчилснийхээ төлөө эмнэлэг нь ЭМДС-гаас санхүүжилтээ авах гүйцэтгэлийн тогтолцооны үр дагавар.

Хүссэн хүн бүрийг  хэвтүүлээд, эмчлээд бай, тэр мөнгийг нь ЭМДС-гаас өгчихнө гэх уриатай “гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоо”-ны шинэчлэлийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн санаачлан, манлайлан хийж, 2021 оноос хэрэгжиж эхэлжээ. Гэвч гурван жилийн дараа даатгалын сан нь хоосорсон, эмнэлгүүд нь өртэй, эмч, мэргэжилтнүүдийн нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөхгүй зэрэг хүндрэл, бэрхшээл тулгарчээ.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн төсвийн хэлэлцүүлэг дээр ярьснаар, эмнэлгүүд ЭМДС-гаас бараг 400 тэрбум төгрөгийн авлагатай байгаа гэнэ.

Аудитын дүгнэлтэд дурдсанаар, ЭМДС-гийн нэр дээр сард 900 мянган нэхэмжлэх ирдэг ч үүний 10-15 хувийг л шийдвэл их юм болжээ. Учир нь хэвтүүлээд л, эмчлүүлээд л байхыг өөгшүүлсэн “гүйцэтгэлийн” бодлогыг Эрүүл мэндийн сан даахгүй болсон гэсэн үг. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Уг нь зөв тогтолцоо, гэхдээ хэрэгжүүлэх явцад алдаа гараад байна. Үүнийгээ засах бодлогоо 2025 оны төсөвт суулгасан уу” хэмээн ЭМЯ-ны удирдлагаас асуух аж.

3/т, ЭМДС-г хэнээс орж ирдэг хэдэн төгрөгөөр бүрдүүлдэг вэ гэдэг нь анхаарал татах асуудал болжээ.

Сар орчмын өмнө эмнэлгийн ажилчид жагсаал хийж,  эрүүл мэндийн даатгалын хураамжийг дөрвөн хувь болгох шаардлага тавьсан.Тэд даатгуулагчдад биш,гол  нь  төрд хандаж шаарджээ.Учир нь  төрөөс сар бүр 2 сая 200 мянган иргэний эрүүл мэндийн даатгалыг хариуцан санд төлдөг.18 нас хүртэлх хүүхдүүд, ахмадууд,халамж авагсад, хоригдлууд, цэргийн  албан хаагчид, бага насны хүүхдээ харж буй ээжүүдийн эрүүл мэндийн даатгалд 2023 онд гэхэд төсвөөс 252 тэрбумыг төлжээ. Харин эргээд сангаас  тэдний эрүүл мэндийн үйлчилгээнд 798 тэрбумыг зарцуулсан байна.Хүүхэд,ахмадууд голдуу учраас эрүүл мэндийн үйлчилгээг илүү авах нь ойлгомжтой.

Гэхдээ төр тэдний  даатгалыг хариуцахдаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувиар тооцож төлдөг. Одоо бол 660 мянган төгрөгнөөс тооцоод, нэг хүний 6600 төгрөгийг сард төр хариуцдаг гэсэн үг. Эмнэлгийн ажилтнууд энэ мөнгийг дөрвөн хувь болгоод өгөөчээ, тэгэхгүй бол эмч, эмнэлгийн ажилтнууд цалин, мөнгөө авч чадахгүйд хүрлээ хэмээн жагссан хэрэг.

Ажил хөдөлмөр хийдэг хүмүүс сард цалин, орлогынхоо дөрвөн хувьтай  тэнцэх мөнгийг байгууллагатайгаа хуваан хоёр, хоёр хувиар нь сар бүр төлдөг бөгөөд тоогоороо сангийн даатгуулагчдын ердөө 24 хувийг эзэлдэг ч нийт орлогын 69 хувийг бүрдүүлдэг аж. Сангаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах нь ч учиртай, сангийн зарлагын 13.7 хувь эдгээр хүмүүст зарцуулагджээ.

Тиймээс сангийн орлогын баланс алдагдсан энэ тоог нэг тийш болгохгүй бол болохгүй гэж ЭМ-ийн салбарын удирдлагууд ярьж байгаа. Төр харж үзэх ёстой хүмүүсээ харж үзсэн шиг үзээд даатгалын мөнгийг нь нэмж өгөхгүй бол тэдэнд үйлчилдэг  эмч, эмнэлгийн ажилтнуудын эрх ашиг хөндөгдөх хэмжээнд очоод байна.

4/т, Эрүүл мэндийн даатгалын сангийн 130 орчим тэрбум төгрөгийг  “Капитал”, “Чингис хаан” банкуудад байршуулаад авч чадахгүй байгаа асуудал бий. Банкны хураагдсан хөрөнгөнөөс ЭМДС-д шилжүүлэх зэргээр асуудлыг шийдэж буй ажээ.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГААС БИД ЯМАР ҮЙЛЧИЛГЭЭ АВДАГ ВЭ?

2025 оны төлөвлөгөөгөөр дараах зардлуудад ЭМДС-гийн төсөвлөсөн 2 их наяд 881 тэрбум төгрөг зарцуулагдах ажээ. Үүнд, эмнэлгийн тусламж, үйлчилгээ, төр хариуцах эмийн зардал, анхан шатны тусламж,үйлчилгээ, эмийн үнийн хөнгөлөлт, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, өмнөх оны өглөг, гэрээтэй эмнэлгүүдээ өгөх санхүүжилт зэрэгт зарцуулагдах ажээ.

 

ЭМЯ-наас ЭМДС-гаас бодлогоор хэрэгжүүлэх санхүүжилт:

Үүнд:

  1. Гадаадад эмчлүүлдэг өвчнийг Монголдоо нутагшуулах чиглэлээр тусламжийн баг томилж ажиллуулахаар төлөвлөж, 30 тэрбум төгрөг төсөвлөжээ.
  2. Томуугийн өвчлөлийн үед хэрэглэх амьсгалын замын болон халдварт бус суулгалт өвчний үеийн өдрийн эмчилгээний багц хэрэгжүүлэхэд 22 тэрбум төгрөг
  3. Хавдрын химийн эмчилгээ, дархлаа дарангуйлах, уналт, таталтын эмийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд 34.9 тэрбум төгрөг
  4. Эмийн үнийн хөнгөлөлтийн нэр төрөл, хувь хэмжээг нэмэгдүүлэхэд 60 тэрбум гэх зэрэг онцлох зардлуудыг тусгажээ.

 

Эрүүл мэндийн салбарын мэдээллийг хүргэх ажил үргэлжилнэ.

 

 

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn