Авлигатай тэмцэх газраас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэнг саатуулан шалгаж байгаа аж. Түүнийг Нэхэмжлэлийн хэлтсийн дарга А.Төвшинтэй хамт саатуулсан байна. Тэднийг эрүүл мэндийн даатгалаар үйлчилдэг хувийн эмнэлгүүдээс хувь нэхэх, хахууль авах зэрэг үйлдлийг давтан гаргасан. Өчигдөр үйлдэл дээрээ баригдсан гэж хэвлэлүүд мэдээлж байна.
2016 оноос Эрүүл мэндийн дэд сайдаар ажилласан Л.Бямбасүрэнг 2020 онд ЭМДЕГ-ын даргаар томилсон байна.
Тэрээр өмнө нь Чингэлтэй, Баянгол дүүргүүдэд хүнсний эрүүл ахуйн улсын байцаагч хийж байгаад 2003-2006 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хэлтсийн дарга, 2006-2008 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт дэд дарга, 2008-2012 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга, 2015-2016 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт Төрийн захиргааны удирдлагын газрын дарга зэрэг албыг хашиж байжээ.