АН-ын дарга Л.Гантөмөр тус намын нэр дэвшилт хэрхэн явагдсан талаар тайлбар хийв.
Тус намын дарга Лу.Гантөмөрийн оруулж ирсэн жагсаалтын есдүгээрт бичигдэж байсан С.Баярцогтыг ҮБХ-ны хурал дээр дахин санал хураан Х.Тэмүүжингээр сольсон гэж өнөөдөр мэдээлэв.
АН-ын дарга Л.Гантөмөр “Сонгуульд нэр дэвшүүлсэн 126 хүнийг эхлээд намын гишүүд, дараа нь аймаг, дүүрэг, нийслэлийн намын гишүүдээс асуусан. Дараа нь сонгон шалгаруулах хороон дээрээ ярилцсан. Тойрогт нэр дэвшүүлсэн хүмүүсийг сонгохдоо 5 удаа судалгаа явуулж, ард түмний итгэлийг хүлээх хэмжээний хүмүүс гэж сонгосон.
Х.Баттулгыг ялагдаагүй Ерөнхийлөгч гэж үзэн дэвшүүлж байгаа. Монголд үнэхээр үйлдвэрлэл бий болохгүй бол болохгүй шүү гэдэг утгаар үйлдвэрлэгчид, инженерүүдийг нэр дэвшүүлж байгаа. Үнэхээр хэлмэгдсэн учраас Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг нэр дэвшүүлж байгаа.
Ард түмэн шинэ залуу, нэр цэвэр улс төрчдийг хүлээж байгаа. Хуучин улс төрчдийг ихэнхийг нь АН хойш суулгасан.
АН-аас нэр дэвшигчдийг бүртгэж авах процесс л Сонгуулийн Ерөнхий хороон дээр явж байгаа. АН ардчиллыг хамгаалж оролцоно. АН-ын шийдвэр бол нэг л шийдвэр байгаа. Намын даргын явуулсан нэрс бол намын шийдсэн шийдвэр” гэлээ.