“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрхэн дүгнэж байгаа, цаашид амжилттай хэрэгжүүлэхэд юуг анхаарах талаар талаар ой зүйч, МУИС-ийн докторант И.Доржтой ярилцлаа. Тэрээр “Байгаль орчин, тогтвортой хөгжлийн санаачлага” ТББ-ын тэргүүн, “Ойн нөхөрлөлд түшиглэн Зүүн хангайн ойг хамгаалах болон уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах нь” төслийн зөвлөхөөр ажиллаж байна.
-“Ойн нөхөрлөлд түшиглэн Зүүн хангайн ойг хамгаалах болон уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах нь” төслийн талаар танилцуулна уу?
-Энэ төсөл нь Их Британийн Байгаль орчны “Витлей сан”-гийн санхүүжилтээр Зүүн өмнөд хангай буюу Өвөрхангай аймгийн ой бүхий сумдаар хэрэгжиж байгаа жижиг төсөл. Төсөл нь ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлэхэд ойн нөхөрлөлүүдийг чадавхжуулах, нөхөрлөлийн ойн менежментийн төлөвлөгөө боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх, байгалийн сэргэн ургалтад туслах ажлын аргачлал боловсруулах, агро ойн аж ахуйн загвар бий болгох гэсэн дөрвөн зорилтыг хэрэгжүүлж байна.
-Их Британийн Байгаль орчны “Витлей сан”-гийн талаар тодруулна уу?
– Дэлхийн биологийн олон янз байдал болон уур амьсгалын хямралыг шийдвэрлэхэд байгаль хамгаалах чиглэлийн судлаач, мэргэжилтнүүдэд дэмжлэг үзүүлдэг сан юм. Энэ сан нь 1993 онд байгуулагдсан бөгөөд одоогоор 80 орны 200 гаруй байгаль хамгааллын чиглэлийн манлайлагчдад дэмжлэг үзүүлж ажиллаж байна. Бид 2020 онд энэ санд төсөл бичиж хандсан бөгөөд 2021 онд төсөл маань дэмжигдэж хэрэгжихээр болсон. Байгаль хамгаалах чиглэлийн манлайлагчид дэлхийн аль ч улсаас, манай улсаас ч энэ санд төсөл бичиж хандах боломжтой юм билээ.
-Монголын улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй та бүхний хэрэгжүүлж байгаа төсөл хэрхэн уялдаж байгаа вэ?
– Байгалийн сэргэн ургалтад туслах ажлын аргачлал боловсруулах, агро ойн аж ахуйн загвар бий болгох гэсэн хоёр зорилт нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй шууд уялдан хэрэгжиж байна. Ой өөрөө байгалийнхаа аясаар нөхөн сэргэж байдаг. Зарим тохиолдолд байгалийнхаа аясаар нөхөн сэргэхэд хүний дэмжлэг хэрэгтэй байдаг. Байгалийн сэргэн ургалт явагдахад саад болж буй хүчин зүйлийн нөлөөлөл өндөр байх тохиолдол байна. Энэ үед саад болж буй нөлөөллийг бууруулах чиглэлийн арга хэмжээ авдаг гэсэн үг юм. Үүнийг байгалийн сэргэн ургалтад туслах ажил гэдэг.
Бид Монгол орны хамгийн өмнөд хэсгийн ойд байгалийн сэргэн ургалтад туслах ажлыг хэрхэн явуулах талаар арга зүй, аргачлалыг боловсруулж байна. Уг аргачлалыг бусад ой ургамалжилтын мужуудад ч хэрэглэх боломжтой юм. Ингэснээр ойн байгалийн сэргэн ургалтад туслах ажлын арга зүй, аргачлалын асуудал шийдэгдэх юм. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг нэг салшгүй хэсэг нь агро ойн аж ахуйг дэмжих, чадавхжуулах ажил байх ёстой. Ингэж байж нэгэнт эхэлсэн хөдөлгөөн маань тогтвортой байна. Бид төслийн хүрээнд агро ойн аж ахуйг хөгжүүлэх хоёр хувилбарыг санал болгож байна.
– Агро ойн аж ахуй гэж ямар аж ахуйг хэлж байна вэ?
-Сүүлийн үед агро ойн аж ахуйг янз бүрээр тайлбарлаж байна. Агро ойн аж ахуй гэдэг нь газар тариалан болон мал аж ахуйтай мод тарихыг хослуулсан аж ахуйг хэлдэг. Мод тарих ажил нь тогтвортой, үр дүнтэй системтэй, нийгэм, эдийн засгийн үр ашигтай байх шаардлагатай. Ингэснээр мод тарих ажил амжилттай болно.
Иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага агро ойн аж ахуйг байгуулж эхлэх үед төрөөс техник, тоног төхөөрөмжөөр хангах, хөнгөлөлттэй зээл олгох, урамшуулах гэх зэрэг дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Агро аж ахуй нэгэнт үйл ажиллагаа нь жигдрээд ирэхлээрээ өөрөө өөрийгөө тогтвортой аваад явчихдаг сайн талтай аж ахуй юм. Нэг талаар мод ургаж байгаль экологид ач холбогдолтой байдаг бол нөгөө талаараа эдийн засгийн үр ашигтай байдаг, урт хугацаанд тогтвортой эрхэлдэг аж ахуй. Агро ойн аж ахуйг хөгжүүлснээр ажлын байр бий болгох, хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, эрсдэлийг бууруулах, цөлжилт, элсний нүүлтийг хязгаарлах, зогсоох, хөрсийг элэгдлээс хамгаалах гэх мэт олон талын ач холбогдолтой.
Өөрөөр хэлбэл, хүмүүс хүнсний ногоо, жимсний мод бут тариалж хүнсний хангамжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ, мод тариалах тарьц суулгац бэлдэж борлуулан өрхийн орлогоо нэмэгдүүлэн, түлшинд хэрэглэх хурдан ургадаг байгалийн унаган мод бутыг тариалж зарж борлуулах боломжтой гэсэн үг юм.
-Ой зүйч хүний хувьд харахад “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэр сайн үр дүнтэй хэрэгжиж байна вэ?
– Ерөнхийлөгч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлж байгаа нь цаг үеэ олсон оновчтой шийдвэр. Энэ шийдвэр, санаачлага нь монголчуудыг ой мод руу чиглүүлж өглөө. Маш олон иргэд, мэргэжлийн аж ахуйн нэгж байгууллагууд өөр өөрсдийн боломжоороо мод үржүүлж байна. Нэг үгээр, тарьц, суулгац ургуулж, үйлдвэрлэж байна. Бид оновчтой шийдлүүдийг дэмжиж чадвал “Тэрбум мод” үр дүнтэй хэрэгжих боломжтой. Ойн газрын мэдээлснээр өнгөрсөн жилийн сүүлээр Монгол Улсын хэмжээнд 62.9 сая тарьц, суулгац тоологдсоны 35.6 сая нь 2024 онд тарилтад гаргах шаардлагатай гэсэн мэдээ байна. Энэ бол магадгүй Монгол улс түүхэндээ байгаагүй их хэмжээний тарьц, суулгацын нөөцтэй болж буй мэдээ. Өмнө дөч гаруй сая тарьц, суулгац ургуулж байсан.
– Ийм их хэмжээний тарьц,суулгацаа хэрхэн “юм” болгох вэ?
-Одоо энэ 35.6 сая тарьц суулгацыг эдийн засгийн эргэлтэд оруулж, эцсийн ургах ёстой газруудад нь хуваарилж, тарьж, арчилж ургуулах механизмыг бий болгох ёстой. Үүний тодорхой хэсгийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд худалдаж авч хашаандаа тарих байх. Ихэнхийг улс болон орон нутгийн төсвөөр ойжуулалтад гаргах, ногоон байгууламжид тарих, ойн зурвас байгуулах, агро ой ойн аж ахуй байгуулах гэх мэт төрийн оролцоотой эргэлтэд оруулах шаардлага гарна. Иймд холбогдох төрийн байгууллагууд анхаарч ажиллах хэрэгтэй. Хэрвээ тарьж чадахгүй бол үүнийг тарьж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, нөхөрлөлүүд цаашид үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй болно. Энэ нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд сөргөөр нөлөөлөх болно.
-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад ямар хувь нэмэр оруулах вэ?
-Монголчууд 13 дугаар зууны үеэс мод тарьж, ургуулж байсан, ой модтой харьцаж байсан түүхтэй ард түмэн. 1960-аад оноос ойжуулалт, ойг нөхөн сэргээх ажил албан ёсоор өргөн далайцтай эхэлсэн. Бид өөрсдийн туршлагаас суралцах хэрэгтэй.
Тухайлбал, 1960-1980-аад оны үед мод тарьж байсан сайн туршлага, Тужийн нарсыг ойжуулсан туршлага, Монгол-Солонгосын “Ногоон хэрэм” төслийн хүрээнд хээрийг ойжуулсан, загаар ойжуулалт хийсэн туршлага зэргээс суралцах хэрэгтэй.
Манай оронд цөлжилт эрчимтэй явагдаж, экосистемийн доройтол ихтэй байгаа энэ үед бид уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах дорвитой алхам хийж, зоригтой шийдвэр гаргах нь бидний үүрэг гэж бодож байна. Ой мод, төгөл ой, хэдхэн ширхэг мод ургаснаар уур амьсгалыг зөөлрүүлж хүлэмжийн хийг шингээдэг. Тааламжтай микро орчин бий болдог.
-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд цаашид юун дээр анхаарах шаардлагатай вэ?
-Дээр хэлснээр өөрсдийнхөө туршлагаас суралцах хэрэгтэй. Мод тарих ажлыг зөв төлөвлөлттэй, зохион байгуулалт сайтай хийх хэрэгтэй. Мод тарих нь хашаанд эсвэл цэцэрлэгт модыг суулгаад орхих асуудал биш. Цаашид оновчтой, хэрэгжихүйц үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, зураг, төслийн дагуу хийх, үр, тарьц суулгац, ойжуулалт, ойг нөхөн сэргээх асуудлыг цогцоор нь авч үзэж шийдвэрлэх шаардлагатай.
Санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх, санхүүжилтийг оновчтой зарцуулах, эдийн засгийн хөшүүрэг хэрэглэх, техник, технологийг шинэчлэх, инновац нэвтрүүлэх, ойжуулалт, ойг нөхөн сэргээх ажлын бүтэц, зохион байгуулалт, менежментийг сайжруулах нь чухал. Түүнчлэн бортоготой тарьцаар ойжуулалт хийх арга руу шилжих, тарьсны дараах арчлалт, хамгаалалтын асуудлыг шийдэх, зардлын нормативыг бодитойгоор тооцож нэмэгдүүлэх, хариуцлагжуулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгээд хүн бүр чин сэтгэлээсээ хүсэж мод тарих юм бол “Тэрбум мод”” үндэсний хөдөлгөөн амжилттай хэрэгжинэ гэж би үзэж байна. Энэ ажлыг хийх эерэг хөшүүргүүдийг бий болгосноор тогтвортой байдал хангагдана.
-Эдийн засгийн ямар хөшүүрэг байж болох вэ?
-Тарьсан ойг худалдаж авдаг болох хэрэгтэй. Эрх зүйн орчин бүрдсэн хэдий ч одоогоор таримал ойг худалдаж авах ажил төдийлөн сайн хэрэгжихгүй байна. Энэ талаар сурталчилгаа сайн хийгдэхгүй байна. Тухайлбал, 20 га ойг хоёр өрөө байрны мөнгөөр худалдан авна гэх мэт эдийн засгийн хөшүүргүүдийг хэрэглэвэл хүн бүр чин сэтгэлээсээ мод тарьж, ургуулан түүнийгээ ой болгохын төлөө зүтгэнэ. Мод тарьсан тохиолдолд татваруудаас хөнгөлдөг байх хэрэгтэй. Ямар ч байсан мод тарьсан хүн эдийн засгийн хувьд ашигтай байх хэрэгтэй, амьжиргаа нь дээшилдэг байх хэрэгтэй. Энэ нөхцөлийг төр засаг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Тэгж байж бодитойгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжих болно.
Ярилцлага өгсөн танд баярлалаа.